


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дугаар А/59 Улаанбаатар хот
ЗААВАРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т дор дурдсан агуулгатай 4.2, 4.3 дахь хэсгийг тус тус нэмсүгэй.
“4.2.Галт зэвсгийн сургалтанд хамрагдсаныг нотлох дараах бичиг баримттай иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг олгож болно:
а/Буудлага спортын холбооны тодорхойлолт (Буудлага спортын холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар);
б/цэрэг, цагдаагийн сургууль (галын бэлтгэлд хамрагдсан) төгссөн диплом, дипломын хавсралт;
в/зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, тагнуул, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тусгай албадын албан байгууллагын тодорхойлолт;
г/гэрээт, харуул хамгаалалтын сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ.
4.3.Сургалтаас чөлөөлөгдөж сургалтын гэрчилгээ авах иргэн “Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай” Сангийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 14/10 дугаар тушаалд заасан тарифын дагуу гэрчилгээний үнийг төлнө.”
2.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС
