Хэвлэх DOC Татаж авах
“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН” БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 111

“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН” БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

          Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.13, 6.4.6, 16.4, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

          1. Сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаар, цалингийн санг баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

          2. “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт, “Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар хавсралт, “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ  тогтоолын 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2017 оны 176 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

          3. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

                “4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн.”

          4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

          5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын     2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт, 4 дүгээр хавсралтын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцож, Засгийн газрын 2014 оны            71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.4, 6.1, 6.2, 6.5, 6.6.2, 6.6.3 дахь заалтын “Сургалтын төрийн” гэснийг “Боловсролын зээлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                Ж.БАТСУУРЬ