Хэвлэх DOC Татаж авах
“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 71

“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д  заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дулааны IY цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Амгалан дулааны станц” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрийг 100 хувь төрийн өмчит бие даасан хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. “Амгалан дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. Өөрчлөн зохион байгуулагдсан компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ““Амгалан дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 371 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд                                                          Ц.ДАВААСҮРЭН