Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                                             Дугаар 11                                                                                                                                             Улаанбаатар хот                                                                                  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

     хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт

       Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

        эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай

 

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 14.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Оюунцэцэг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Оюунцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Үүнд:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... төр, ... байгууллагын албан тушаалтан, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд 3.1.3 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж ... нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;” гэж заасан. Хэрвээ нэр дэвшигч нь нэр дэвшигч болохоосоо өмнө нэгэнт сэжигтэн болсон бол түүнийг тухайн хэрэгт нь холбогдуулан баривчлах, эсхүл яллагдагч, шүүгдэгч болсон бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж болзошгүй. Эдгээр ажиллагаа нь шүүхийн зөвшөөрөл, шийдвэрээр явагддаг ба шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авахаар заасан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцох боломжийг олгосон заалт байна.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид ... дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна:” гээд 1.5 дахь заалтад “цагдан хорих;” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн ... 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн ... 1.5, ...- д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж тус тус заасан. Эндээс харвал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад заасан “цагдан хорих” ажиллагаа нь шүүхийн зөвшөөрлөөр, шүүхийн шийдвэрийн дагуу явагддаг таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор ... дараахь эрхтэй:” гээд 2.7 дахь заалтад “хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд хүргүүлэх, ...” гэж, мөн хуулийн 31.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх нь ... сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэнэ.” гэж, 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч ... сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно:” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаас харвал баривчлах ажиллагаа нь эцэстээ шүүхийн шийдвэрээр явагддаг байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.”, 6.2 дахь хэсэгт “Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно.” гэж заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх Үндсэн хуулийн зарчмыг баталгаажуулжээ. ...

 

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь хууль дээдлэх ёс, шүүх эрх мэдлээ шударгаар хэрэгжүүлэх үндсэн баталгаа, урьдчилсан нөхцөл болдог ба “... Шүүгч нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн байгууллагын зүй бус харилцаа холбоо, нөлөөнөөс ангид байх төдийгүй тэдгээрээс үл хамаарах хөндлөнгийн этгээд байна. Шүүгч нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхийн үйл ажиллагааны болон институтийн бие даасан байдлын баталгааг хангах, бэхжүүлэхийг эрмэлзэнэ. ...” гэж Бангалорын зарчимд заасан байдаг.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж; Арван зургадугаар зүйлд иргэний салгаж үл болох үндсэн эрхийг баталгаажуулахдаа 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” гэж тус тус заасан. ...

 

Сонгууль нь парламент ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болохын хувьд тэднийг төлөөлөх эрх олж авахын тулд тогтмол тодорхой хугацаанд явагдаад дуусдаг, парламентын цөөнхөд олонх болох боломж олгохоос гадна, иргэд өөрсдийгөө төлөөлүүлж сонгосон парламентын гишүүнтэй хариуцлага тооцох эсэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий ардчиллын үндсэн элементийн нэг гэж сонгуулийн эрх зүйд үздэг бөгөөд төрийн эрхийг барилцах, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа юм. Ийм учраас нэр дэвшигч нь хуульд заасан болзол, шалгуурыг хангаж “сонгуульд нэр дэвшигч” болсон мөчөөс эхлэн тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, улс төрийн зүй бус нөлөөлөлд өртөхгүй байх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага өөрийгөө эмхлэн зохион байгуулахад шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн зохисгүй үйлдлээс сэргийлэх шаардлага тавигддаг тул сонгуульд нэр дэвшин оролцож буй этгээдэд улс орнууд “нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа”-г хуулиар тусгайлан тогтоож өгдөг.

 

Харин аль ч улс оронд энэхүү тодорхой хугацааны тэгш, шударга өрсөлдөөний боломжийг бүх талаар бүрдүүлж, сонгуулийг зохион явуулдаг хараат бус байгууллага байх бөгөөд энэ нь сонгуулийн төв байгууллага байна. Монгол Улсын хувьд Улсын Их Хурлаас 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо /цаашид “Хороо” гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн.” гэж заасан байдаг.

 

Гадаадын зарим улс оронд ч мөн сонгуулийн хуулиудад манай улсын хуулийн зохицуулалттай ижил төрлийн зохицуулалт байна. Тухайлбал, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын гишүүний сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа”-г хуульчлахдаа нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, таслан сэргийлэх арга хэмжээ авах болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол Сонгуулийн төв байгууллагад нь заавал мэдэгдэхээр заасан.

 

Литва Улсын Сеймын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд “парламентын сонгуульд нэр дэвшигчийн халдашгүй байдал”-ыг хуульчилсан бөгөөд ингэхдээ 49.1 дэх хэсэгт “Сонгуулийн төв хорооны зөвшөөрөлгүйгээр сонгуулийн компанит ажлаас шинээр сонгогдсон Сеймын анхдугаар чуулган хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг баривчлах болон аливаа хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлах, түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж үл болно.” гэж заасан.

 

Гүрж Улсын Сонгуулийн хуулийн 122 дугаар зүйлд “парламентын гишүүнд нэр дэвшигчийн халдашгүй байдал” гэсэн зохицуулалтыг хуульчилсан бөгөөд Сонгуулийн төв хорооны зөвшөөрлөөр нэр дэвшигчид таслан сэргийлэх арга хэмжээ авахаар зохицуулсан байна. Үүнтэй ижил төстэй зохицуулалттай улс орон цөөнгүй бий.

 

Иймд Улсын Их Хурал энэхүү үзэл баримтлалаар 2011 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.” гэж; 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дараах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:” гээд 76.2.1 дэх заалтад “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх;”, 76.2.2 дахь заалтад “баривчлах;”, 76.2.3 дахь заалтад “албадан ирүүлэх;”, 76.2.4 дэх заалтад “цагдан хорих;”, 76.2.5 дахь заалтад “орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх.” гэж; улмаар 2019 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 2020 онд баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгүүдэд тус зохицуулалтыг хэвээр хадгалан хуульчилсан.

 

Энэ нь аль ч шатны сонгууль, тэр дундаа Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн компанит ажлын хугацаанд сонгогчидтой уулзах болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах замаар сонгуулийн сурталчилгаагаа биечлэн явуулж сонгогдох эрхээ тэгш эдлэх, нөгөө талаас иргэд өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон төлөөллийн байгууллагаа сонгож байгуулах үйл явцын үр дүнд зохиомлоор, зүй бусаар нөлөөлөхийг хааж, нэр дэвшигчдэд адил тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол төрийг эмхлэн байгуулах суурь үндсийг хамгаалах зорилготой зохицуулалт юм.

 

Нөгөө талаас, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ зохицуулалтын хууль зүйн үр дагавар нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн зарим нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа буюу гишүүний халдашгүй байдал нь хэвээр байхдаа сонгуульд нэр дэвшин оролцдог. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гээд Үндсэн хуулийн энэ зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар хуульчлан тогтоохдоо уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:”, 9.1.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;”, 9.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, ...-ыг хориглоно.” гэж заасан. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын гишүүн халдашгүй эрх эдэлж байх хуулийн хугацаандаа сонгуульд нэр дэвшин оролцож байгаа болохоор бусад нэр дэвшигчдээс давуу эрхтэйгээр сонгуулийн өрсөлдөөнд оролцож, өрсөлдөөн тэгш бусаар явагдах нөхцөлийг бүрдүүлж байдаг.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт нь нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, гишүүн бус гэж, ялгахгүйгээр ижил нөхцөл бүрдүүлж байгаагаас гадна Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилалтын зарчимтай зөрчилдөж байгаа бус харин ард түмэн өөрсдийн төлөөллийн байгууллагыг сонгож байгуулах үйл ажиллагаа тэгш, шударга өрсөлдөөнд суурилах нөхцөлийг хуулиар баталгаажуулж байгаа юм.” гэсэн байна.

 

Гурав. Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн тайлбарт:

 

“Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулан иргэний сонгогдох эрхийг хамгаалах, шударга, тэгш өрсөлдөх боломжийг олгох зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбоотой зохицуулалтуудыг хуульчилсан.

 

Тухайлбал, 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, түүнчлэн байгууллагын захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.” гэж анх хуульчилсан бөгөөд 2005 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 2011 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт уг зохицуулалтыг тус тус хуульчилсан байна. 2019 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ч мөн уг зохицуулалт хуульчлагдсан байна.

 

Нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаагаа явуулах, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагаа нь хуульд заасан сонгуулийн сурталчилгааны тодорхой хугацаанд явагдаад өнгөрдөг онцлогтой үйл ажиллагаа тул нэр дэвшигч уг үйл ажиллагаагаа явуулах баталгаа, эрх зүйн хамгаалалт болох зорилгоор хуульчилсан зохицуулалт гэж ойлгож байна.

 

Уг зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох агуулгагүй бөгөөд зөвхөн Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авч болох таслан сэргийлэх арга хэмжээнүүд дотроос нэр дэвшигчийг тодорхой үйлдэл хийхийг хязгаарласан шинжтэй буюу шинээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд хамаарч байна. ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ...” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг нэр дэвшигчид холбогдуулан явуулахыг хориглосон байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд эрх бүхий этгээд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахаар зохицуулжээ.

 

Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа явуулах, мөрийн хөтөлбөрөө сонгогчид тайлбарлан таниулах нь хуулиар тогтоосон тодорхой хугацаанд явагддаг үйл ажиллагаа учир уг хугацаанд нэр дэвшигчдийг тэгш, шударгаар өрсөлдөх боломжоор хангаж, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан эрх зүйн хамгаалалтыг бий болгох шаардлага үүсдэг бөгөөд энэхүү баталгааг сонгуулийн тухай хуулиар тогтоодог нь олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн байна.

 

Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна.

 

2.Хуульд заасан болзол, шалгуурыг хангаж “нэр дэвшигч” болсон иргэнийг тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангах, улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.

 

Ингэж хуульчлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуультай уялдуулах, холбогдох журмыг тусгайлан тогтоох, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... төр, ... байгууллагын албан тушаалтан, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.     

 

 

                                                                                                           ДАРГАЛАГЧ                                                 Г.БАЯСГАЛАН

 

                                                                                                                      ГИШҮҮД                                                     Ш.ЦОГТОО

 

                                                                                                                                                                                          Д.СОЛОНГО

 

                                                                                                                                                                                          Б.БУЯНДЭЛГЭР

 

                                                                                                                                                                                          Ц.НАНЗАДДОРЖ