Хэвлэх DOC Татаж авах
ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 235

ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхий тухай хуулийн 14.1.3, 14.3.1, 14.3.2, 15.10, 16.2, 16.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын суралцах эрхийг тэгш хангах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасугай:

      1.1. хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндийн шалтгаанаар танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээг бий болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

      1.2. их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэлтийн хяналтын тоонд багтаан жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсүүлэх тооны доод хязгаарыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах арга хэмжээг авч, хэрэгжилтийг хянах;

      1.3. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшүүлэх хичээлийг багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад заавал судлуулах зохицуулалт хийх, Монгол Улсын боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн үйл ажиллагааг бусад их, дээд сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр өргөжүүлэх;

      1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр багш, албан хаагчдыг тусгайлан бэлтгэх, Засгийн газар хоорондын гэрээгээр болон гадаад улс орны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хяналтын тоог жил бүр тогтоон мөрдөх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг тавигдаж буй нөхцөл, шаардлага хангасан мэргэжлийн сургалтын төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

      1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулж байгаа тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчин нөхцөлийг сайжруулж, багш, мэргэжилтнийг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, багш, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийг зөвлөгөө, мэдээлэл, арга зүйгээр хангах ажлыг чадавхжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх.

2. Сургалтын цахим технологийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулан сургалтад нэвтрүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т даалгасугай.

3. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллаж байгаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын онцлог, мэргэжлийн шаардлагатай уялдуулан цалингийн сүлжээний ангилал, шатлал, нэмэгдлийг тусгайлан тогтоох боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

4. Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч ашиглах боломжтой стандарттай байхаар тоноглож, тохижуулах цогц арга хэмжээг 2021-2023 онд авч хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүний зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5. Бүх шатны сургалтын байгууллагын шинээр баригдах хичээлийн болон дотуур байрны барилгын зураг төслийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй загвараар боловсруулах, барих ажилд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т тус тус даалгасугай.

6. Бүх шатны сургалтын байгууллагын орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан зохих стандартад нийцүүлсэн зам, талбайтай болгох арга хэмжээг 2021-2023 онд авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулахад нь бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                 У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                                                       Л.ЦЭДЭВСҮРЭН