


2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр |
Улаанбаатар хот |
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг “Биокомбинат” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. “Биокомбинат” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлж байхаар тогтоосугай.
3. “Биокомбинат” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
4. Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан хууль тогтоомжийн дагуу комисс томилж, “Биокомбинат” ТӨААТҮГ-ын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргаж, үндсэн болон бусад эд хөрөнгийг өөрчлөн зохион байгуулагдсан компанид зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
5. “Биокомбинат” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 2.10 дахь заалтын “Хөдөө аж ахуйн бирж” гэсний дараа “ХХК, “Биокомбинат” гэж нэмж, “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
