Хэвлэх DOC Татаж авах
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 27

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй.

2. Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд                                                  С.АМАРСАЙХАН