Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 308 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 38

ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 308 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулалгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга) нарт үүрэг болгосугай.

2. Хилийн Цагааннуур авто замын, Эрээнцав төмөр замын боомтуудаар 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн малын тэжээл улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч, хилийн Боршоо авто замын боомтыг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээж, сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт зөвхөн шатахуун, малын тэжээл тээвэрлэх авто машиныг улсын хилээр нэвтрүүлсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 121 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Хилийн зарим боомтын нэвтрэх хөдөлгөөнийг нээж, ажиллах цагийн хуваарь болон улсын хил нэвтрэх ачаа тээвэрлэлтэд зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн Алтанбулаг боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаар тогтоолын 2 дах заалт, “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 3 дахь заалтын “Боршоо авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс” гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН