Хэвлэх DOC Татаж авах
ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 43

ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11-д заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай:

1.1. үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах;  

1.2. шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх;

1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;

1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх;

1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх;

1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх;

1.7. хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх;

1.8. байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-иос доошгүй хувийн хэмнэлт гаргах;

1.9. бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бичиг хэрэг, цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зэрэг зардлыг бууруулах. 

2. Төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалттай холбоотойгоос бусад урсгал зардлыг төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулж, эрэмбэлэн санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд                                                               Б.ЖАВХЛАН