


2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр |
Улаанбаатар хот |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.2.1, 6.3.7, 23.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан төслийг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай:
2.1. төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт, төслийг хэрэгжүүлж, зохион байгуулахад хамтран ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нарт;
2.2. төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон 2021 онд гарах үйл ажиллагааны зардалд шаардагдах 11,808,600,000.0 (арван нэгэн тэрбум найман зуун найман сая зургаан зуун мянга) төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мөн оны батлагдсан төсвийн багцын хүрээнд зохицуулалт хийх замаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах талаар зохих арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт.
3. Энэ төсөлд хамрагдсан залуучуудыг ажлын байраар хангах талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүтээн байгуулалтын болон бусад холбогдох төсөл, арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
