Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  зарим зүйл, заалт Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх  маргааныг хянан хэлэлцсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр                                                                                                                             Дугаар 03                                                                                                                                            Улаанбаатар хот                                                                                  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн

зарим зүйл, заалт Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан хэлэлцсэн тухай

 

 

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 15.35 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, А.Эрдэнэцогт нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хүрэлцэн ирээгүй болно.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг,      36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан хүсэлтдээ:

 

“... Монгол Улсын шүүхийн тухай хуульд туссан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг бүрэн алдагдуулсан, “шүүх бие даасан, шүүгч хараат бус байх” Үндсэн хуулийн суурь зарчмыг илэрхий зөрчсөн, Улсын Их Хуралд Үндсэн хуулийн бус эрхийг олгох замаар хууль тогтоох эрх мэдлээс шүүх эрх мэдэлд нөлөөлөх, дарангуйлах нөхцөлийг илтэд бүрдүүлсэн, эрх мэдлийн тэнцвэрийг хангахад голлох үүрэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн хүрээн дэх үндсэн бүрэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зэрэг ноцтой үр дагавар бүхий Үндсэн хуульд нийцээгүй тодорхой зүйл, заалтуудыг Үндсэн хуулийн цэцээр хянуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн /цаашид “Хууль” гэх/ 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэсэн нь, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэсэн нь, мөн зүйлийн 95.5 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр, 95.7 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад тус тус нийцэхгүй байна:

 

     а/ Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийн зорилго, агуулга нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог эрх мэдлийн харилцан тэнцвэртэй байх зарчимд нийцүүлэн аль нэг эрх мэдэлд давамгай байдал олгохгүй байх агуулгаар зохицуулахад чиглэсэн. Учир нь шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын аль нэгний мэдэлд шууд өгвөл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бүрэн алдагдана.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан ‘‘Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, ...” гэж, мөн 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ... холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгыг дэлгэрүүлэн заажээ. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зөвшилцлийн гол агуулга болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хууль тогтоогч өөрийн мэдэлдээ бүрэн авсан нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг илэрхий зөрчиж байна. Ингэснээр хууль тогтоогч шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцсан Үндсэн хуулийн институтыг төрийн аль нэг эрх мэдлээс хараат бус байлгах чиглэлээр түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар өөрт /Улсын Их Хуралд/ олгогдоогүй эрх мэдлийг хуульчлан авах зэргээр хууль тогтоох эрх мэдлийг явцуу зорилгоор хэрэгжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбогдох хэсгийн зорилго, агуулгыг бүрэн гажуудуулсан гэж үзэж байна.

 

     б/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулан байгуулсан улс төрийн шууд оролцоотой ажлын хэсгээс санал болгох замаар Улсын Их Хурал дангаар томилох нь шүүхийн боловсон хүчний бодлого, мөн түүнчлэн шүүхийн сахилга хариуцлагын асуудал улс төрийн нөлөөнд шууд автагдаж, үүний улмаас шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бүрэн алдагдах нөхцөл бүрдэж байна.

 

     в/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх ажлыг төрийн эрх мэдлийн нэг институт өөрөө эрхэлж сонгон шалгаруулаад, томилдог олон улсын жишиг байхгүй байна. Монгол Улс шүүхийн захиргааг бий болгон ажиллуулж ирсэн түүхэндээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг эрх мэдлийн нэг институтээс хараат болгон дангаар томилж байгаагүй байна. Энэ бүгдээс үзвэл Улсын Их Хурал шүүхийн захиргаа, шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулж томилох эрхийг өөрт авсан нь Улсын Их Хурлын хууль тогтоох чиг үүрэгт нийцэхгүй төдийгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, олон улсын болон өөрийн орны хөгжиж ирсэн практикт гараагүй гажуудлыг бий болгох эрсдэлийг үүсгэж, цаашид Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдаж, эрх чөлөөт байдал хуулийн замаар дарангуйлагдах үндэс суурийг тавьсан гэж үзэж болно.

 

2.Хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэгт эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэн, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болохоор зохицуулсан нь хүрсэн түвшингээс ухарч буй буруу шийдэл бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй юм. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж ирсэн өмнөх ололтыг бататган бэхжүүлж улам боловсронгуй болгох ёстой. Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулах нь иргэн зөрчигдсөн эрхээ тухайн маргааныг харьяалах дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр шүүлгэх замаар хууль ёсны шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх боломж бөгөөд энэ талаар хүрсэн түвшин, олсон ололтыг бууруулж болохгүй.

 

3.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Үндсэн хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нь тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгогдсоноор бүрэн эрх нь баталгаажих эрх зүйн үндэслэл байхгүй юм. Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг ур чадвар, туршлагыг нь харгалзан тодорхой болзол, шалгуурын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж, Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг тухайн танхимын шүүгчид дотроосоо санал болгож тус тус Үндсэн хуулийн дагуу томилох нь зөв бөгөөд хууль ёсны болно гэж үзэж байна. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэгт “... Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно.” гэж улам завхруулсан байна.

 

4.Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэгт бүх шатны шүүхийн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилохоор үүрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн агуулгад нийцэхгүй байна. Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь зөвхөн үүрэг байх агуулгаар хязгаарлагдахгүй юм.

 

5.Хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт “Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд нийцүүлэн гаргасан зарлигаа өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

 

6.Хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт нийцэхгүй байна. Мөн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хорооны хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Энэ нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд буюу хуульч биш хүнээр шүүгчийн зарим мэргэжлийн алдааг дүгнэх, улмаар шүүгчид хариуцлага тооцох эрх мэдэл олгож, үүрэг, хариуцлага хүлээлгэх үр дагавартай байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүд нь хуульч, шүүгч бус гишүүд нь эрх зүйч байх нь тухайн бүрэлдэхүүний ижил тэгш, адил ур чадвартай байх нөхцөлийг алдагдуулж байна.

 

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”- ийн 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ... шүүгч бус 5 гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, ...”, 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институтээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж тус тус заасан. Тиймээс хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь мөн Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.

 

7.Хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хороонд хандан өргөдөл, гомдол гаргагчийг хэргийн оролцогч гэж үзэлгүй зөвхөн гэрч, ажиглагч гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад нийцэхгүй байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь сахилгын зөрчил хэрхэн шалгагдаж байгаа болон хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах, сахилгын хороонд хандан хүсэлт гаргах, сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах, бүрэлдэхүүнийг татгалзан гаргах зэрэг эрхтэй байж сахилгын зөрчил маргаан шударгаар шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ.

 

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1.Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж өөрчлөн найруулж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэсэн зохицуулалтыг нэмсэн байна.

 

2.Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталж, 1 дүгээр зүйлд “... Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.” гэж заасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол гарган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан бөгөөд тус хуваарийн  3.1-д “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:” гээд  3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, ...”, мөн 3.2-т “Шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:” гээд 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ... холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах.” гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, уг нэмэлт, өөрчлөлтийн гол үзэл баримтлалыг тодорхойлон дээрх хуваарийг гаргахдаа хууль тогтоомжийг боловсруулан батлахад баримтлах чиглэлийг тусгайлан заасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад заавал тусган хуульчлах агуулгыг илэрхийлсэн гэж ойлгогдож байна.

 

3.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоох зэрэг харилцааг зохицуулах зорилго бүхий Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан байна.

 

Дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 болон 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилохоор зааж, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.5, 95.7 дахь хэсэгт гишүүдийг нэр дэвшүүлж, томилох журмыг тогтоож, тэдгээрийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батлахаар хуульчилжээ.

 

Үүнээс үзэхэд шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй гэж үзэхээр байна. Ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн байна.  

 

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн тайлан, мэдээллээс харахад Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн тодорхой хувь нь орон тооны бусаар ажиллаж байжээ. Харин Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сүүлийн 10 жилийн дунджаар нэг жилд 26 шүүгчийг /зарим жилд 2 шүүгчийг/ санал болгож байсан бол, Шүүхийн ёс зүйн хороо нь сүүлийн 8 жилийн дунджаар нэг жилд 307 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд хууль тогтоогч Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний эрх зүйн байдлыг тогтоохдоо дээр дурдсан туршлагыг харгалзан үзэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

4.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж зааж бүх шатны шүүхийн шүүгчийг томилох бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон байх бөгөөд мөн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргахаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1,  36.7 дахь хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар, мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч тус тус 14 хоногийн дотор томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байх ба тодорхой хугацаа тогтоосон асуудал нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй байна.

 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсэгт анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар сонгохоор, Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилохоор, түүнчлэн мөн зүйлийн 36.10 дахь хэсэгт танхимын тэргүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Ерөнхий зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг шүүгчид тавигдах шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Ерөнхийлөгчөөс буцаах, уг буцаасан саналыг Ерөнхий зөвлөл дахин нягталж санал болгох, эсхүл өөр нэр дэвшигчийг санал болгохоор заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг хуулиар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.” гэж хуульчилсан байна. Дээрх шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг хуулиар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.” гэж хуульчилжээ. Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг шүүгч болон шүүгч бус /эрх зүйч/ гишүүдээс бүрдүүлэхээр ийнхүү зохицуулсан нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд тавих хяналт бодитой бөгөөд харилцан тэнцвэртэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

 

7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэгт анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх тус бүр шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болох бөгөөд энэхүү асуудлыг тухайн шатны шүүгчдийн зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүх шийдвэрлэхээр нийтлэг байдлаар зохицуулжээ. Мөн уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсгийн зохицуулалтын талаарх хүсэлтийн үндэслэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд хамаарч байна. 

 

Иймд дээр дурдсан асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргах боломжгүй байна. Харин хууль тогтоогч холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох, Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлахдаа анхаарах нь зүйтэй байна.

 

8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 105 дугаар зүйлийн 105.8, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх журам болон оролцогчдын эрх зүйн байдлын талаарх зохицуулалтыг тусгасан байх ба Үндсэн хуулийн холбогдох заалтаар баталгаажсан иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын  үндсэн  дээр  Улсын  Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

 

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн холбогдох заалт, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5, 6, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

 

6.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасныг; мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

 

8.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Г.ТУУЛХҮҮ

 

                              ГИШҮҮД                                Д.СОЛОНГО                       

 

                                                                     Ш.СОЛОНГО

 

                                                                             Ц.НАНЗАДДОРЖ 

 

                                                                       Г.БАЯСГАЛАН