Хэвлэх DOC Татаж авах
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр                                                                                                                             Дугаар 06                                                                                                                                            Улаанбаатар хот                                                                                  

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх

ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх

хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

 

 

 

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 11.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Г.Туулхүү, Ш.Солонго, Г.Баясгалан /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн оролцов. 

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Монгол Улсын иргэн Б.Мөнхзаяа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“... Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн       3 дахь хэсэгт “Албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан билээ.

 

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль болон органик хуульд тодорхой заасан байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд аль нэг гишүүн нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэх эсэх тухай ижил тэнцүү эрхтэй бусад гишүүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч, санал гаргах нь тухайн шийдвэр гаргасан гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, шахалт дарамт үзүүлж, бусад хэлбэрээр нөлөөлж байгаа хэрэг юм.

 

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн аль нэг гишүүн аливаа нэг улс төрийн нам, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, төдийгүй хөрөнгөлөг аж ахуйн нэгж, гадаад улсын тусгай албад, олон улсын төрийн болон төрийн бус бусад байгууллагын нөлөөнд автаж, Үндсэн хуулийн цэцийн өөр нэг гишүүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, улс орны эрх ашгийг умартах нөхцөл байдлыг бүрдүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор уршиг тарих эрсдэлийг бий болгохыг ч үгүйсгэх аргагүй юм. Үүний зэрэгцээ хуульд заасан энэхүү зохицуулалтаар бий болох “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” нь зохион байгуулалтын талаасаа өргөдөл, мэдээлэл гаргагчийн гомдлоор хуралддаг Бага суудлын хуралдаанаас зарчмын хувьд өөр хэлбэртэй бөгөөд хэрхэн зохион байгуулж, хуралдах талаар хууль болон Үндсэн хуульд дурдах нь зүйтэй байна.

 

Ийнхүү нэг гишүүн санал гаргах нь ашиг сонирхол, авлига, албан тушаалын хэрэгт сэрдэгдэх нэг нөхцөл бөгөөд ийм байдалд орохыг үгүйсгэхгүй юм. Ийм байдлаар нэг гишүүнийхээ шийдвэрт өөр нэг гишүүн нь “хориг” тавих хэлбэрээр санал бичгээр гаргах нь цаашид хэвийн үзэгдэл болж, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа алдагдахад хүргэх хор уршигтай. Үндсэн хуулийн цэцийн зохион байгуулалтын хэлбэр нь гагцхүү шат шатны хуралдаан бөгөөд нэг гишүүн нь нөгөө гишүүний гаргасан шийдвэрийг ганцаараа үгүйсгэн, улмаар хэрхэн хуралдах тухай дэг нь хуульд заагаагүй “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” гэгчээр хэлэлцэх нь уг байгууллагын хамтын шийдвэр гаргадаг хууль ёсны зохион байгуулалтыг эвдэх аюултай.

 

Энэ нь Үндсэн хуулийн цэцийн хэвийн үйл ажиллагааг саармагжуулах, улмаар улс төрийн нөлөөнд хялбархан автах, цаашилбал Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг улс төрийн зорилгоор эгүүлэн татах, огцруулах нөхцөл бий болж, Үндсэн хуулийн цэцийн хуулийн хүрээнд явуулах тогтвортой үйл ажиллагаа алдагдаж улмаар Үндсэн хуулийн цэц орших уу, эс орших уу гэсэн эрх зүйн хямралд хүргэх аюултай юм.

 

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал      ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт      “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... 1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэж Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хангахад оршино.” гэж заасан.

 

Үндсэн хуулийн цэцэд иргэн, албан тушаалтны өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр маргаан үүсэх эсэхийг шийдвэрлэх ажиллагаа нь хянан шалгах ажиллагааны чухал үе шат бөгөөд энэ үе шатанд гаргах гишүүний шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэл бүхий гомдол, мэдээллийг маргаан үүсэх шатанд хэрэгсэхгүй болгохоос, түүнчлэн маргагч талуудын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хууль зүйн боломжит бүхий л хамгаалалт, зохицуулалтыг бий болгохыг чухалчилдаг.

 

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.” гэж заасан нь Цэцийн гишүүнд хэрэг маргааныг бие даан шийдвэрлэх эрх мэдэл олгож байгаа хэдий ч нөгөө талаас Цэцэд маргаан үүсгэх эсэх асуудлыг дангаараа шийдвэрлэх, гишүүний үзэмжээс шалтгаалан асуудалд субьектив хандах, ойролцоо буюу нэг ижил төрлийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсэх эсэх асуудлаар гишүүд өөрт хуваарилсан өргөдөл, мэдээлэлд ялгаатай байр суурь илэрхийлж, шийдвэрлэсэн байх, ингэснээр Цэцийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг алдагдуулах боломжийг бүрдүүлж болзошгүй.

 

Хувь гишүүний хувьд шийдвэр гаргахад өөрийн үнэт зүйл, мэргэжилдээ үнэнч байж итгэл үнэмшилдээ захирагддаг хэдий ч бусад гишүүн нь үзэл бодол, дотоод итгэл үнэмшлээр асуудалд өөрөөр хандах, улмаар саналын зөрүү үүсэх тохиолдолд түүнийг харилцан зөвшилцөж ойлгох, ардчиллын зарчмаар буюу олонхоор шийдвэр гаргах нь маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж магадлах, үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал үр нөлөөтэй. Хувь санал гаргах боломжтой байх нь гишүүдийн дотоод хараат бус байдал буюу бусад гишүүдийн бие даасан байдлыг хамгаалах бодит илэрхийлэл болно.

 

2.Цэц Үндсэн хууль зөрчсөн тухай иргэдийн өргөдөл, гомдлын үндэслэлийг гүйцэд шинжлэн судлалгүйгээр “маргаан үүсгэх үндэслэл тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэхээс татгалзах нь Үндсэн хууль зөрчсөн хэм хэмжээ, үйл ажиллагаа нь Цэцээр бүрэн шалгагдахгүйгээр маргаан үүсэх шатанд хэрэгсэхгүй болох боломжийг нээх, ингэснээр Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих ...” Цэцийн бүрэн эрхэд нийцэж байгаа эсэх асуудал хөндөгдөнө.

 

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хууль тогтоогч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд батлан гаргахдаа маргаан үүсэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талуудын гомдлоор болон Цэцийн өөр гишүүний саналаар Цэцийн бага суудлын хуралдаанаар дахин хянуулах боломжтой байхаар хуульчилсан. Ингэснээр нэг талаас өргөдөл, мэдээлэл гаргагчийн эрхийг хамгаалахын зэрэгцээ Цэц шатлалгүй шүүх учир түүний үйл ажиллагаанд дотоод хяналтыг бий болгож, Цэцийн шийдвэр бодитой, үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

3.Цэцийн гишүүн нь өөрийн дотоод итгэл үнэмшлээр гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, шийдвэрээ гаргах бөгөөд харин хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайлбал, маргаан үүсэх эсэх асуудлыг хянан шалгах явцад хөндлөнгөөс оролцох, саналаа хэлэх, зөвлөх зэргээр шийдвэрт нь нөлөөлөх аливаа оролдлого нь түүний хараат бус байдалд халдаж байгаа илрэл болно. Цэцийн гишүүний шийдвэр гаргах үйл явцад бус харин гаргасан шийдвэрт Цэцийн өөр гишүүн санал гаргаж, улмаар Бага суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх нь мэдээлэл гаргагчийн үзсэнчлэн гишүүний хараат бус байдалд халдаж байгаа бус, харин Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх зарчим, үзэл санааг хамгаалахад чиглэгджээ.

 

          Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… буюу Цэцийн аль нэг гишүүн     …, санал ...” гэж заасан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо аливаа этгээдээс хараат бус байж, шударга ёсыг тогтоох, Үндсэн хуулийг хамгаалах, Үндсэн хуульд хэр үнэнч, зарчимч гэдгээ харуулах боломжийг олгосон агуулгаараа хууль дээдлэх ёсонд, Цэцийн гишүүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосон агуулгаараа Цэцийн гишүүний хараат бус байдлыг алдагдуулах биш, харин бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… буюу Цэцийн аль нэг гишүүн      …, санал ...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулан, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж тус тус заажээ.

 

2.Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт           “... Цэцийн гишүүд эрх тэгш байна.” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ.”, 2 дахь хэсэгт “Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг этгээдийг төлөөлөхгүй.”, 3 дахь хэсэгт “Албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус хуульчилж, Цэцийн гишүүний Үндсэн хуулиар баталгаажсан хараат бус байдлын баталгааг тогтоосон байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүд эрх тэгш байж, ямар ч байгууллага, албан тушаалтан, иргэнээс хараат бусаар маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөвхөн Үндсэн хуульд захирагдаж, асуудлыг шийдвэрлэхээр, нөгөө талаас албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглохоор хуульчилжээ.

 

3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаад Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, эсхүл үүсгэсэн шийдвэрийг адил тэгш эрх бүхий Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч, санал бичгээр гаргаж болохоор заасан байна.

 

Дээрх хуулийн үзэл баримтлал болон хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын холбогдох хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ийнхүү хуульчилсан үндэслэлийг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг бий болгох зорилготой гэсэн нь олон улсын нийтлэг жишигт нийцээгүй, Үндсэн хуулийн эрх зүйн орчин үеийн номлолд харшилж байна.

 

Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэдэг байгууллага болохын хувьд үйл ажиллагааны дотоод хяналтыг бий болгох нь Цэцийн гишүүдийн тэгш эрхийг хөндөж, улмаар хараат бус байдлын баталгааг алдагдуулах нөхцөлийг үүсгэхээр байна. 

 

4.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи шийдвэрийг эс зөвшөөрч Цэцийн аль нэг гишүүн санал гаргахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Цэцийн гишүүн ... өөрийн санал, дүгнэлтийг ... ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно.”, түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн  хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, энэ талаар бусдад зөвлөгөө өгөх эрхгүй.” гэж заасантай нийцээгүй, эрх зүйн хувьд маргаантай байдлыг үүсгэж, хууль хоорондын зөрчилдөөнийг бий болгосон байна.

 

5.Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1985 оны “Шүүхийн хараат бус байдлын талаарх суурь зарчим”-ын 2 дугаар зүйлд “Шүүх аливаа хэрэг, маргааныг тал харалгүй, хэний ч нөлөөнд авталгүйгээр нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн, хууль бус нөлөөлөл, сэтгэл хөдлөл, дарамт шахалт, шууд болон шууд бус хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэнэ.” гэж, 1983 оны Шүүхийн хараат бус байдлын талаарх Монтреалын түгээмэл тунхаглалын 2.3-т “Шүүгч нь шийдвэр гаргах явцдаа хамт ажилладаг бусад шүүгч, дээд шатны шүүхийн шүүгчдээс хараат бус байна. ...” гэж тус тус заасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

 

1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заасны “... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                            Д.ОДБАЯР   

 

                  ГИШҮҮД                                                   Д.СОЛОНГО

 

                                                                               Г.ТУУЛХҮҮ

 

                                                                                                                                                Ш.СОЛОНГО                                                             

 

                                                                                       Г.БАЯСГАЛАН