Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд “Хүнсний эрхийн бичиг олгох журам”/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 
Улаанбаатар хот

Дугаар А/103

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай

2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог орон нутагт 310.0, нийслэлд 292.5 ба түүнээс доош байгаа өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 8000 /найман мянган/ төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 /арван зургаан мянган/ төгрөгөөр тус тус тогтоосугай

3. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах, тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Л.Дашдэмбэрэл/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/-т, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.

5. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

6. Энэ тушаалыг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 САЙД                 А.АРИУНЗАЯА