Хэвлэх DOC Татаж авах
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих хууль тогтоомж

2.1.Кино урлагийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаарна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“кино” гэж техник технологи ашиглан олон нийтэд түгээх зорилгоор дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой аргаар туурвисан бүтээлийг;

4.1.2.“монгол кино” гэж Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь тухайн киноны зохиогч, эрх эзэмшигч, кино продюсер байх, эсхүл Монгол Улсын иргэн ерөнхий найруулагчаар ажилласан киног;

4.1.3.“хамтарсан кино” гэж талуудын эрх, үүрэг, санхүүжилтийн асуудал, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон хэлцлийн үндсэн дээр гадаад улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран бүтээсэн киног;

4.1.4.“гадаад кино” гэж энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад киног;

4.1.5.“кино үйлдвэрлэл” гэж кино бүтээх, түгээхтэй холбоотой цогц үйл ажиллагааг;

4.1.6.“кино бүтээх” гэж кино төсөл боловсруулах, кино зохиол бичих, зураг авалт, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх зэрэг кино түгээх хүртэлх бүтээлч үйл ажиллагааг;

4.1.7.“зохиогч” гэж Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан этгээдийг;

4.1.8.“эрх эзэмшигч” гэж Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т заасан этгээдийг;

4.1.9.“кино түгээх” гэж киног техник технологи ашиглан олон нийтэд үзүүлэх үйл ажиллагааг;

4.1.10.“кино продюсер” гэж киног бүтээх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан, уг бүтээлтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;

4.1.11.“кино зуучлагч” гэж Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу киног нийтэд түгээх үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;

4.1.12.“кино үйлдвэрлэлийн дэд бүтэц” гэж кино үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн барилга байгууламж, мэдээллийн сүлжээ, техник, программ хангамж, мэдээллийн санг;

4.1.13.“тоон гарын үсэг” гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн   4.1.2-т заасныг;

4.1.14.“цахим баримт бичиг” гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.4-т заасныг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих чиглэл, зарчим

5.1.Төрөөс кино урлагийг дэмжихэд дараах чиглэл баримтална:

5.1.1.уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, дотоод, гадаадад сургах, мэргэшүүлэх;

5.1.2.кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, техник технологийг сайжруулахад хөрөнгө оруулалт, татвар, санхүү болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх; 

5.1.3.кино урлагийн салбарт оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

5.2.Кино урлагийг дэмжихэд дараах зарчим баримтална:

5.2.1.ил тод, шударга, тэгш өрсөлдөх боломжтой байх;

5.2.2.хялбаршуулсан зохицуулалт бүхий, хэрэгжихүйц, тодорхой байх;

5.2.3.уран бүтээлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хязгаарлахгүй байх.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.кино урлагийг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;

6.1.2.кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, барилга байгууламж барих, техник технологийг сайжруулахад татвар, санхүү болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;

6.1.3.кино бүтээх чиглэлээр уран бүтээлч, ажилтныг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

6.1.4.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх болон зөвлөлийн ажиллах журмыг батлах;

6.1.5.энэ хуулийн 9.11-д заасан ажлын албаны бүтэц, орон тоо, дүрмийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу батлах;

6.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

7 дугаар зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1.Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

7.1.2.кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журмыг батлах;

7.1.3.кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн  9.1-д заасны дагуу батлуулах;

7.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

8 дугаар зүйл.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

8.1.Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.кино үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, дэмжих;

8.1.2.олон улсын кино арга хэмжээнд монгол киног оролцуулах, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Кино урлагийн зөвлөлийн бүтэц, бүрэн эрх

9.1.Кино урлагийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.

9.2.Зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтална.

9.3.Зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх ба бусад гишүүн нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна.

9.4.Мэргэжлийн төрийн бус байгууллага кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу нэр дэвшүүлнэ.

9.5.Кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай уран бүтээлч нь энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу бие даан  болон мэргэжлийн төрийн бус байгууллагаас нэр дэвшинэ.

9.6.Энэ хуулийн 9.3, 9.4, 9.5-д заасан албан тушаалтан, иргэнийг Зөвлөлийн гишүүнээр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, чөлөөлнө.

9.7.Зөвлөлийн дарга төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд  заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

9.8.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болно.

9.9.Зөвлөлийн дарга, гишүүн нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагч, хүлээн авагч этгээдтэй нэгдмэл сонирхолгүй байна.

9.10.Зөвлөлийн дарга, гишүүн нь шийдвэр, санал, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.

9.11.Зөвлөл ажлын албатай байх бөгөөд өөрийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө, бусад орлогоос санхүүжнэ.

9.12.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх дараах тохиолдолд энэ хуулийн 9.8-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

9.12.1.нас барсан;

9.12.2.чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

9.12.3.өөр ажил, албан тушаалд томилогдсон, эсхүл сонгогдсон;

9.12.4.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

9.12.5.хуульд заасан бусад үндэслэл.

9.13.Зөвлөл асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

9.14.Зөвлөл санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

9.15.Эрх бүхий этгээдээс кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдсон журам батлах, өөрчлөх, хүчингүй болгох тохиолдолд Зөвлөл 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.

9.16.Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.16.1.кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;

9.16.2.энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрлийг олгох;

9.16.3.кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;

9.16.4.кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;

9.16.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;

9.16.6.төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;

9.16.7.кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох;

9.16.8.залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;

9.16.9.олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

9.16.10.мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;

9.16.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ

10 дугаар зүйл.Мэдээллийн сан бүрдүүлэх

10.1.Соёлын тухай хуульд заасан журмын дагуу кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох мэдээллийг бүрдүүлэх, дамжуулах, ашиглах, хадгалах, цахим үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн мэдээллийн сантай байх бөгөөд уг санг Зөвлөл эрхлэн хөтөлнө.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан төрөлжсөн мэдээллийн санд дараах мэдээллийг бүрдүүлнэ:

10.2.1.кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичиг;

10.2.2.кино урлагийн статистик мэдээлэл;

10.2.3.тухайн жилд улсын захиалгаар бүтээх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой мэдээлэл;

10.2.4.зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, түгээхтэй холбоотой мэдээлэл;

10.2.5.кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хүний нөөцтэй холбоотой мэдээлэл;

10.2.6.монгол болон хамтарсан кинотой холбоотой мэдээлэл;

10.2.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийсэн гадаадын кинотой холбоотой мэдээлэл;

10.2.8.кино урлагийн шүүмж, судлалын мэдээлэл;

10.2.9.кино урлагийг дэмжих төсөв, зардал, түүний зарцуулалт;

10.2.10.кино бүтээх зардлын буцаан олголтын талаар;

10.2.11.зохиогчийн эрхээр үл хамгаалах болон нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.

10.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээгдсэн киног Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд  заасны дагуу төрийн архивд шилжүүлж, хадгалж, хамгаална.

10.4.Зөвлөл энэ хуулийн 10.3-т зааснаас бусад кино болон кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох баримтыг хадгалж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Цахим үйлчилгээ нэвтрүүлэх

11.1.Төрөөс кино үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлнэ. 

11.2.Цахим үйлчилгээ үзүүлэхэд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.4-т заасан журмыг баримтална.

11.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээдэд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгох болон кино бүтээх зардлын буцаан олголтын баримт бичгийг бүрдүүлэх, хүлээн авах, шийдвэрлэхэд тавих бусад шаардлагыг энэ хуулийн 13.5, 17.6-д заасан журамд тусгана.

11.4.Зөвлөлийн ажлын алба цахим үйлчилгээ үзүүлэх болон цахим баримт бичиг хөтлөлт, тоон гарын үсэг хэрэглэх, мэдээллийн системийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

12 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих санхүүжилт

12.1.Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай байна.

12.2.Кино урлагийг дэмжих сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэх бөгөөд уг сангаас дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ:

12.2.1.эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт;

12.2.2.эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан хэлбэрээр дэмжлэг үзүүлэхэд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийн хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн улсын төсөвт тусгаж батална.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан санхүүжилтийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих сангийн зарцуулалт

13.1.Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно:

 13.1.1.монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх, эсхүл олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино бүтээх;

13.1.2.монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

13.1.3.олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах;

13.1.4.кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

13.2.Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийг дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно:

13.2.1.энэ хуулийн 13.1.1-д зааснаас бусад кино бүтээх;

13.2.2.кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно.

13.4.Энэ хуулийн 13.2-т заасан хөнгөлөлттэй зээлийг дараах этгээдэд олгохгүй:

13.4.1.сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;

13.4.2.сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;

13.4.3.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

13.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх бусад дэмжлэг

14.1.Иргэн, хуулийн этгээдэд кино үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

14.2.Давхар татвар, хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын гэрээг кино үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудтай байгуулах, хэлэлцээ хийх арга хэмжээг Засгийн газар зохион байгуулна. 

14.3.Кино зураг авах зориулалттай төрийн өмчийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах журмыг соёл, боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

14.4.Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасан мөнгөн шагнал олгоно.

14.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тусгай ангиллын виз олгох бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  9.2.1-д заасан журмаар тогтооно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
КИНО БҮТЭЭХ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТ, ТАВИХ ШААРДЛАГА

15 дугаар зүйл.Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгоход тавих шаардлага

15.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан зардлыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн улсын төсөвт тусгах бөгөөд уг зардлыг өмнөх оны төсөвт тусгагдсанаас бууруулахгүй байна.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан зардлыг зориулалтын бусаар зарцуулахыг хориглох бөгөөд тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн үлдэгдлийг дараагийн төсвийн жилд үргэлжлүүлэн зарцуулна. 

15.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд кино зураг авалт хийхэд 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг шаардлага хангасан дараах зардалд зарцуулсан нь буцаан олголт тооцох урьдчилсан нөхцөл болно:

15.4.1.Монгол Улсад татвар төлөгч иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зардал;

15.4.2.Монгол Улсад байхгүй нь нотлогдсон мэргэжлийн техник, тоног төхөөрөмжийг гадаад улсаас түрээслэн ашигласны зардал;

15.4.3.Монгол Улсад төлсөн татвар.

15.5.Уран бүтээлийн болон зураг авалтын багийн цалин хөлс нь энэ хуулийн 15.4-т заасан нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байна.

Хэвлэх

16 дугаар зүйл.Шаардлага хангасан зардлыг тодорхойлох

16.1.Кино зураг авалт хийх зардалд найруулагч, зураглаач, ерөнхий зураач, кино продюсер болон уран бүтээл, зураг авалтын багийн цалин хөлс, үйлчилгээ, түрээс, бусад зардал багтах бөгөөд шаардлага хангасан зардлын дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар энэ хуулийн 17.6-д заасан журамд тусгана.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан шаардлага хангасан зардалд дараах зардлыг тооцохгүй:

16.2.1.кино павильон, студийн дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зардал;

16.2.2.хууль зүйн туслалцаа, санхүүгийн болон бусад зөвлөгөө авах зардал;

16.2.3.торгууль, алданги, банкны баталгаа, зээл, түүний хүү, хураамж;

16.2.4.шүүх, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал;

16.2.5.харилцан өмчлөлд шилжүүлсэн тодорхой хөрөнгө;

16.2.6.нэмэгдсэн өртгийн албан татвар;

16.2.7.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс олгосон зардал;

16.2.8.хандив;

16.2.9.санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулах зардал, хүүгийн зардал;

16.2.10.кино бүтээхэд хамаарахгүй программ хангамжийг худалдан авах, хөгжүүлэх зардал;

16.2.11.бусад зардал.

Хэвлэх

17 дугаар зүйл.Буцаан олголтын хувь тооцох

17.1.Энэ хуулийн 15.4-т заасан этгээдэд зардлынх нь 30 хувийг буцаан олгоно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан этгээд эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийхэд багийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь Монгол Улсын уран бүтээлч, ажилтан оролцсон бол тухайн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын зардлын 30 хувийг буцаан олгоно.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан этгээдийн бүтээсэн кино Засгийн газраас баталсан соёлын шалгуур хангасан бол энэ хуулийн 15.4-т заасан зардлын 10 хувийг нэмж олгоно.

17.4.Энэ хуулийн 15.4-т заасан кино зураг авалтад оролцсон гадаад улсын уран бүтээлийн болон зураг авалтын багийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний 5 хувийг буцаан олгоно.

17.5.Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлан таниулсан монгол киноны эрх эзэмшигчид тухайн кино бүтээх зардлын 20 хүртэлх хувийг энэ хуулийн 15-19 дүгээр зүйлд заасан зарчим, журмыг баримтлан буцаан олгож болно.

17.6.Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгохтой холбогдсон журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

18 дугаар зүйл.Хүсэлт гаргах, төсөл бүртгүүлэх

18.1.Кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан олгохтой холбоотой төсөв, шалгуур, холбогдох мэдээллийг монгол болон гадаад хэлээр бэлтгэн, энэ хуулийн 17.6-д заасан журмын дагуу олон улсад нээлттэй, тогтмол мэдээлнэ.

18.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан авах нөхцөлтэйгээр хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/ гаргах этгээд нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

18.3.Энэ хуулийн 18.2-т заасан этгээдийн гаргасан хүсэлт, хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, монголын түүхийг илт гуйвуулах болон дайн, түрэмгийлэл, садар самуун, хүчирхийллийг сурталчлах агуулгагүй байна.

18.4.Зөвлөл хүсэлтийг хүлээн авч, төслийг хянана. Хүсэлт, төсөл нь энэ хуулийн 17.6, 18.3-т заасан шаардлага хангаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзана.

18.5.Зөвлөл шаардлага хангасан хүсэлт, төслийг бүртгэн гэрчилгээ олгоно. Гэрчилгээг хоёроос дөрөв хүртэлх жилийн хугацаатай олгож, кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан олгох гэрээ байгуулна.

18.6.Гэрээ байгуулсан өдрөөс хойш зарцуулсан зардлыг буцаан олгох зардалд тооцно.

18.7.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд хүсэлт гаргагч этгээд Зөвлөлд нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр гэрчилгээ хүчингүй болж, гэрээ цуцлагдсанд тооцно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Мэдүүлэг гаргах, үнэлгээ хийх

19.1.Энэ хуулийн 18.5-д заасан этгээд нь кино зураг авалтын зардлын тодорхой хувийг буцаан авах мэдүүлгийг гаргана.

19.2.Зөвлөл мэдүүлгийг хүлээн авч үнэлнэ.

19.3.Мэдүүлэг гаргагч олон улсын байгууллагаар аудит хийлгэсэн тайлан, нягтлан бодох бүртгэлийн эх баримтыг гарган өгч, зардлыг шалгах эрхийг олгоно.

19.4.Зөвлөл татварын байгууллагаас тухайн зардлыг Монгол Улсад зарцуулсан талаар мэдээлэл авах ажиллагааг зохион байгуулна.

19.5.Зөвлөл зардлын баримтыг шалгаж, буцаан олголтын хувь тооцох дүгнэлт гаргаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

19.6.Зөвлөлийн хувь тооцсон дүгнэлтийг үндэслэн, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зардлын тодорхой хувийг буцаан олгох шийдвэр гаргаж, гэрээнд заасан дансанд шилжүүлнэ. Буцаан олголтыг хуваан шилжүүлж болно.

19.7.Энэ хуулийн 19.6-д заасан зардлын буцаан олголтыг дараах тохиолдолд олгохгүй:

19.7.1.мэдүүлэг гаргагч хууль тогтоомж, энэ хуулийн 18.5-д заасан гэрээг зөрчсөн;

19.7.2.мэдүүлэг гаргагч холбогдох баримт бичиг, аудиторын дүгнэлт ирүүлээгүй, зардал шалгах зөвшөөрөл олгоогүй, эсхүл журамд заасан хугацаанд гаргаж өгөөгүй;

19.7.3.зардлын баримт нь хууль тогтоомжид заасан шаардлага, хугацаа, үйл ажиллагаа, эсхүл төслийн зорилттой нийцэхгүй байх;

19.7.4.гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, гарсан зардал болон түүний төлбөрийг баталгаажуулаагүй;

19.7.5.хүсэлт гаргагч дампуурсан, салбар, төлөөлөгчийн газар нь  татан буугдсан.

19.8.Зөвлөл кино бүтээх зардлын буцаан олголт авсан этгээд, төслийн нэр, дүнгийн талаарх товч мэдээллийг энэ хуулийн 10.1-д заасан төрөлжсөн мэдээллийн санд байршуулж, сурталчилна.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
КИНО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА

20 дугаар зүйл.Кино зураг авалт хийх зөвшөөрөл

20.1.Кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан этгээд дараах баримт бичгийг бүрдүүлэн кино зураг авалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Зөвлөлд хүсэлт гаргана:

20.2.1.кино зохиолын товч агуулга, кино продюсерын танилцуулга, Монголын талаас хамтран ажиллах этгээдийн мэдээлэл;

20.2.2.ажлын хуваарь, төлөвлөгөө;

20.2.3.байршлын болон орчин тойронд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх талаарх мэдээлэл;

20.2.4.хуульд заасан бусад.

20.3.Зөвлөл энэ хуулийн 20.2-т заасан хүсэлтийг хянан үзэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

20.4.Энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрөлгүй этгээд кино зураг авалт хийхийг хориглоно.

20.5.Кино зураг авалт хийх зөвшөөрөлд заасан байршил, хугацаа, агуулгыг өөрчлөх тохиолдолд энэ хуулийн 20.7-д заасан журмын дагуу Зөвлөлд мэдэгдэнэ.

20.6.Түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутагт кино зураг авалт хийхэд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд  заасан журмыг баримтална.

20.7.Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл авах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл хүсэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 221.1.7-д заасны дагуу хураамж төлнө.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Кино түгээх ангилал

21.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино түгээхэд дараах насны ангилал тогтооно:

21.1.1.бүх насныханд зөвшөөрөх;

21.1.2.13 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх;

21.1.3.18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх.

21.2.Энэ хуулийн 21.1.3-т заасан 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр нэвтрүүлэхийг, кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.

21.3.Энэ хуулийн 21.1-д заасан ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмыг олон улсын стандартын дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.

Хэвлэх

22 дугаар зүйл.Кино түгээлтийн мэдээлэл

22.1.Кино театрын үйлчилгээ үзүүлж байгаа этгээд кино зуучлагч, киноны нэр, төрөл болон түүний үргэлжлэх хугацааны талаарх түгээлтийн мэдээллийг Зөвлөлд долоо хоног бүр хүргүүлнэ.

22.2.Кино түгээлтийн мэдээлэл гаргах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22.3.Кино театр хөгжлийн бэрхшээлтэй хүн болон ахмад настанд зориулсан тоноглол, тэмдэглэгээг стандартын дагуу хийж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэгтэй байна.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

23 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

23.1.Кино урлагийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд  заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

25 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

25.1.Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР