Хэвлэх DOC Татаж авах
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙГ БАЙНГЫН АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 223

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙГ БАЙНГЫН АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Замын-Үүд” чөлөөт бүсийг 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлсүгэй.

2. “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлсэнтэй холбогдуулан хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

3. Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа хилийн бүсэд барих авто замын улсын хил нэвтрэх цэг, байршил тогтоох асуудлаар Хятадын талтай хэлэлцэн тохиролцох, хилийн хяналтын цэг байгуулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасугай.

4. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай зардлыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН