Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн  Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай”  хүсэлтийг хүлээн авах тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ  

 

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр                                                                                                                             Дугаар 02                                                                                                                                            Улаанбаатар хот                                                                                  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн

Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн

“Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай”

хүсэлтийг хүлээн авах тухай

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Д.Одбаяр, Ш.Солонго /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийнЕ/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцэд хандан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан бөгөөд мөн оны 3 дугаар сарын11-ний өдрийн Е/18 дугаар албан бичгээр уг хүсэлтээ дараах агуулгаар өөрчлөн ирүүлсэн:

 

“1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэсэн хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэсэн хэсэг, 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр, мөн зүйлийн95.7 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад тус тус нийцэхгүй байна. 

 

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэгт эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэн, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болохоор зохицуулсан нь хүрсэн түвшингээс ухарч буй буруу шийдэл бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй юм.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Үндсэн хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нь тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгогдсоноор бүрэн эрх нь баталгаажих эрх зүйн үндэслэл байхгүй.

 

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэгт бүх шатны шүүхийн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилохоор үүрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн агуулгад нийцэхгүй байна. Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь зөвхөн үүрэг байх агуулгаар хязгаарлагдахгүй.

 

5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт “Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд нийцүүлэн гаргасан зарлигаа өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

 

6.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт нийцэхгүй байна. Мөн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хорооны хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ... шүүгч бус 5 гишүүнийг бусад институтээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох ...”, 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институтээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж тус тус заасан. Тиймээс мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.

 

7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 105 дугаар зүйлийн 105.8, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хороонд хандан өргөдөл, гомдол гаргагчийг хэргийн оролцогч гэж үзэлгүй зөвхөн гэрч, ажиглагч гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад нийцэхгүй байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь сахилгын зөрчил хэрхэн шалгагдаж байгаа болон хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах, сахилгын хороонд хандан хүсэлт гаргах, сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах, бүрэлдэхүүнийг татгалзан гаргах зэрэг эрхтэй байж сахилгын зөрчил маргаан шударгаар шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ.

 

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна.

 

Хоёр. Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2021 оны4 дүгээр сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан болно. Уг дүгнэлтээр:

 

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй гэж үзэхээр байна. Ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хуулийн холбогдох зохицуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлжээ. Харин хүсэлтэд дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн.

 

Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 41 дүгээр тогтоол гаргасан бөгөөд анх удаа үндэслэлээ тусган ирүүлсэн байна. Уг тогтоолд дараах үндэслэлийг дурджээ:

 

“Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг харгалзан үзээгүй талаар: Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

 

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна” гэсэн агуулгатай байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орсон хэдий ч Улсын Их Хурал томилох агуулга нь өөрчлөгдөөгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилохыг үүрэгжүүлсэн зохицуулалт байхгүй, харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохыг хоёрдмол утгагүй хуульчилсан юм. Нээлттэйгээр нэр дэвшүүлэх гэдэг зохицуулалт нь аливаа институц, албан тушаалтны зүгээс хэн нэгэн хүнийг санал болгохгүй гэдэг утгыг агуулж байгаа төдийгүй олон нийтийг тэгш оролцох боломжоор хангана гэсэн агуулга юм.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг агуулгын хувьд бүрэн хангасан талаар: Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын 3.1.1, 3.2.3 дахь заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцын тэнцвэртэй оролцоог хангах, нээлттэй нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтын үр дүнд томилох гэж тодорхой заасан нь хэн оролцож томилох тухай гэхээсээ илүүтэй ерөнхий зарчмын чиглэлүүд юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурал томилох нь асуудлыг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш бөгөөд Улсын Их Хурлын дур зоргыг хязгаарласан зохицуулалтыг олон улсын сайн туршлагад үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д хуульчилсан. Тодруулбал, сонгон шалгаруулалтыг шүүхээс бусад институцын тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг зохион байгуулах, Улсын Их Хурал олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангаж, шалгарсан нэр дэвшигч бүрээр томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр томилох эсэхийг шийдвэрлэхээр зааж, энэ бүх үйл ажиллагааг нарийн, тодорхой зохицуулсан нь дур зорго, зүй бус нөлөө орох эрсдэлийг бууруулна гэж хууль тогтоогч үзсэн болно.

 

Гурав. Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулаагүй талаар: Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас үйл ажиллагаа нь харьцангуй бие даасан байх зарчмыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тодорхой заасан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх бөгөөд даргаа гишүүд дотроосоо сонгохоор заасан нь Ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг хангах, төдийгүй хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчмын өөрчлөлт болсон.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх болон хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулж шүүгчээр томилуулах санал гаргах процессыг бүхэлд нь харвал аль нэг институц зүй бусаар илүү эрхтэй оролцох эрсдэлийг бууруулж, институцуудыг тэнцвэртэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бусаар, хариуцлагатай ажиллах суурийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд хуульчилсан. Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хуульчдаас шилж олсон хүнийг шүүгчээр томилох эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг шүүгчдээс сонгож бүрдүүлэх, шүүгч бус таван гишүүнийг олон талын оролцоотой, ил тод, нарийн процессоор бүрдүүлэхээр хуульчилсан нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчих бус харин хангах зохицуулалт болсон.

 

Сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт, томилгоо нь зарчмын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах процесстой адил зохицуулагдсан учраас Улсын Их Хурал Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг үзэмжээрээ шийдэх боломжгүй юм.

 

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн үндсэн зарчим, агуулгыг илтэд баримтлаагүй талаар: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, суурь зарчмын талаарх Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсолгүйгээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг зохион байгуулсан байна.

 

Тав. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасныг харгалзан үзээгүй талаар: Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд парламентыг зохист хэмжээнд оролцуулах нь ардчилсан улсын мөн чанарт тохирно гэж олон улсад үздэг. Тухайлбал, Венецийн комиссоос “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд Шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй.” Шүүхийн зөвлөлийн шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд парламент чухал үүрэгтэй оролцох нь зүй ёсны хэрэг. Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахын тулд Шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний гол хэсгийг шүүгчид дотроосоо сонгох, шүүхийн зөвлөлийн ардчилсан легитим шинжийг хангахын тулд бусад гишүүдийг парламентаас сонгох ёстой гэж Венецийн комисс зөвлөсөн байдаг. Түүнчлэн Шүүхийн зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч бус гишүүдийг нь парламент дийлэнх олонхоор томилдог жишгийг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан.” гэжээ.

 

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх явцад ирүүлсэн тайлбартаа Улсын Их Хурлын дээрх тогтоолд тусгасан үндэслэлтэй ижил агуулгатай тайлбар ирүүлсэн.

 

Тав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрЕ/04 дүгээр албан бичгээрдараах хүсэлтийг ирүүлсэн:

 

“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд ... хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг зөрчсөн талаарх хүсэлтээс дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзаж байна.

 

1.Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүн 2019 оны 6 дугаар сарын06-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Уг төслийг боловсруулахад Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584,832 нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил 2012 оноос хойших гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд нийгмийн бүх түвшинд хэлэлцэгдэж улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, Монгол Улсын төрийн тэргүүн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулсан.

 

Уг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөрөв дэх Шүүх эрх мэдлийн хэсэгт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар бүрдүүлэх үзэл баримтлалтай нэмэлт, өөрчлөлт орсон.

 

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэлийг ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог шинээр нэмэлт оруулан байгуулсан нь шүүх эрх мэдлийн сахилга, хариуцлагыг Үндсэн хуулийн түвшинд авч зохицуулсан явдал юм.

 

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай төрийн тэргүүний хувьд бүрнээ санал нэгдэж буй бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай02 дугаар тогтоолыг батлан гаргаж, тогтоолд тусгагдсаны дагууУлсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлан гаргаж, 2021 оны 3 дугаар сарын01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн.

 

Гэвч уг хуультай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Е/11 дүгээр  Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүний үндсэн дээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарч, тус дүгнэлтийг Улсын Их Хурал 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзсан. Энэ нь цаашид уул асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх асуудлыг гацаанд оруулаад буй билээ.

 

Үндсэн хуульд заасны дагуу төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар уг гацаа, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах чин хүсэлтэй байна.

 

2.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал нь өнгөрсөн хугацаанд шүүхийн тухай багц хуулийг батлан гаргах замаар Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн байгууллагын томилгоонд оролцож, улмаар нийгмийн дунд “шударга бусын хонгил” хэмээх тогтолцоог бүрдүүлж ирснийг халахад чиглэсэн.

 

Миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хуралд тангараг өргөж, ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэхээ” илэрхийлсэн.

 

Иймд нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай тул Монгол Улсын төрийн тэргүүний хувиар “Шударга бусын хонгил”-ын гол түлхүүр болж ирсэн шүүгчийг шилж олох, шүүгчид хариуцлага тооцох байгууллагууд болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлэхгүй байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд тусгагдсан хэмээн үзэж байна. ...

 

3.Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд төрийн тэргүүний энэхүү хүсэлтийг та бүхэн хуульд заасан журмын дагуу шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгаас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдохзүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт ирүүлсэн бөгөөд мөн оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн. Уг өөрчлөн ирүүлсэн хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын  үндсэн  дээр  Улсын  Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг гаргаж, хуулийн тухайн заалтуудыг түдгэлзүүлсэн. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоол гаргасан.

 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр тогтоосон бөгөөд хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзаж байгаа талаар албан бичиг ирүүлсэн.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3, 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31, 32 дугаар зүйлд тус тус зааснаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХНЬ:

 

1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авсугай.

 

2.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн              03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаарзүйлийн1дэххэсэг,Үндсэнхуулийнцэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн16 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд өргөдөл, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргах нь нээлттэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                                     Н.ЧИНБАТ

ГИШҮҮД                                                                        Д.СОЛОНГО

   Д.ОДБАЯР

Ш.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР      

    Г.ТУУЛХҮҮ

Ц.НАНЗАДДОРЖ       

Г.БАЯСГАЛАН  

Ж.ЭРДЭНЭБУЛГАН