www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай


ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр                                                                                                    Дугаар А/228                                                                                                                 Улиастай

сарын 12-ны өдөр              

                                                                                                                                                                                                      

Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д” заалт, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Эрчим хүчний сайдын 2016 оны 8 сарын 23-ны өдрийн 08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Завхан аймгийн 24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосугай.

2.Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт даалгах нь:

а.Гадна агаарын температур буурч, өвлийн ачаалалд шилжихтэй холбогдуулан сум, суурин газрын дулаан хангамжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дулааны шугамнаас огтолгоо авч, сүлжээнд хэрэглэгч шинээр холбохгүй байх, аваар болон ослын бус шалтгаанаар дулаан хангамжийн ажиллагааг зогсоохгүй байх.

б.Халаалтын үргэлжлэх хугацаанд дулаанжуулалтын тоног төхөөрөмж болон шугам сүлжээний ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангах.

3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Д.Бат-Ундраа/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 521 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

5.Захирамж хүчингүй болсон тухай тэмдэглэгээг зохих журмын дагуу хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн 2010 оны 521 дүгээр захирамжийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг Хууль зүйн хэлтсийн дарга /С.Болортуяа/-д даалгасугай.

                 

ДАРГА                                                Д.БАТСАЙХАН