www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр                                                                                                                                                           
Улаанбаатар хот

Дугаар А/226 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ  нь: 

                   1.“Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг хавсралтаар баталсугай.

             2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан хангах, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагын дарга, захирал нарт, хэрэгжилтийг зохицуулж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

               3.Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”, 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ”-нд заасны дагуу резидент эмчийн цалингийн санг батлагдсан орон тоонд багтаан байгууллагын төсөвт 2021 оноос эхлэн тусган хэрэгжүүлэхийг төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагын дарга, захирал нарт, Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга /Д.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

                    4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга /Я.Амаржаргал/-д даалгасугай.

                                                                                                            САЙД                                                   Д.САРАНГЭРЭЛ