www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолд)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 159

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5, 13.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д дор дурдсан агуулгатай 4.2.5, 4.2.6 дахь дэд заалт, 4.6, 4.7, 5.4 дэх заалт тус тус нэмсүгэй:

      1/ “4.2.5. эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;”

      2/ “4.2.6. эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.”

      3/ “4.6. Энэ журмын 4.2.5-д заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон тохиолдолд харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хүүхдийн мөнгийг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.”

      4/ “4.7. Энэ журмын 4.2.6-д заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон тохиолдолд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хүүхдийн мөнгийг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.”

      5/ “5.4. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглоно.”

2. Мөн журмын 2.1, 2.7, 2.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

      1/ “2.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эрхтэй.

Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өөрийн биеэр, эсхүл нийгмийн халамжийн нэгдсэн системд хандан цахим хэлбэрээр гаргана.”

      2/ “2.7. Банк мэдээллийн санд шинээр нэмэгдсэн, дансны мэдээлэлд нь өөрчлөлт орсон хүүхдийн мэдээллийг тухай бүр нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж баталгаажуулна.”

      3/ “2.9. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн, нас барсан, харьяатаас гарсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаягийн мэдээллийг тухай бүр төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.”

3. Мөн журмын 1.2 дахь заалтын “…өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан” гэснийг “…өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн” гэж, 2.2.1 дэх дэд заалт, 1.3, 3.5, 3.8 дахь заалтын “…эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд)” гэснийг “…эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд” гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн журмын 3.9 дэх заалтын “…өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг харгалзахгүйгээр…” гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА