www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн хууль тогтоомж

                                                 

2.1.Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хамгаалах болон бүтээл, хамаарах эрхийн объектыг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Ардын урлагийн бүтээлийг хамгаалах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй бөгөөд холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“зохиогч” гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг;

4.1.2.“зохиогчийн эрх эзэмшигч” гэж зохиогч, энэ хуульд заасны дагуу шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг ашиглах онцгой эрхийг эдлэх бусад хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг;

4.1.3.“бүтээл” гэж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;

4.1.4.“үүсмэл бүтээл” гэж өмнө нь туурвисан бүтээлд тулгуурлаж өөрчлөн найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээр өөрчлөх бүтээлч үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болгосон бүтээлийг;

4.1.5.“хавсарга урлагийн бүтээл” гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний уран сайхны илэрхийллийг;

4.1.6.“мэдээллийн сан” гэж компьютерын программаас бусад бүтээл болон мэдээллийг хуульд заасны дагуу цахим, эсхүл бусад сүлжээний орчинд бие даан нэвтрэх боломжтой байдлаар, бүтээлчээр туурвисан системчлэгдсэн эмхэтгэлийг; 

4.1.7.“компьютерын программ” гэж компьютер болон бусад тооцоолон бодох төхөөрөмж ашиглан тодорхой үр дүн гаргах, үүрэг гүйцэтгүүлэхээр байршуулж, системчлэн зохион байгуулсан зааварчилгааны бүрэлдэхүүн байгууламж бүхий программын хэлээр бичигдсэн кодыг;

4.1.8.“хамаарах эрх” гэж тоглогч уран бүтээлч, фонограмм бүтээгч, өргөн нэвтрүүлгийн байгууллагын энэ хуульд заасан эрхийг;

4.1.9.“хамаарах эрх эзэмшигч” гэж энэ хуульд заасны дагуу хамаарах эрх эдлэх хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрээс хамаарах эрхийг шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг;

4.1.10.“тоглогч уран бүтээлч” гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин, уран уншигч зэрэг бусад хувь хүнийг;

4.1.11.“фонограмм бүтээгч” гэж тоглолтын болон бусад дуу авиа бүхий, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, уг бичлэгийн тухайд эрх эдэлж, үүрэг хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;

4.1.12.“дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер” гэж дуу авиа бүхий дүрст бүтээлийг туурвих үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан, уг бүтээлтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;

4.1.13.“өргөн нэвтрүүлгийн байгууллага” гэж энэ хуулийн 4.1.17-д заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх этгээдийг;

4.1.14.“хамаарах эрхийн объект” гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, түүний бичлэг, фонограмм болон дамжуулж байгаа өргөн нэвтрүүлгийг;

4.1.15.“фонограмм” гэж кино урлагийн, эсхүл бусад дуу авиа бүхий дүрст бүтээлд оруулсан дуу авиа бүхий бичлэгээс бусад тоглолтын болон бусад дуу авиа, эсхүл тэдгээрийн илэрхийллийн бичлэгийг;

4.1.16.“дуу авиа бүхий дүрст бүтээл” гэж дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой болон дуу авиа дагалдсан бол сонсох боломжтой аргаар туурвисан  бүтээлийг;

4.1.17.“өргөн нэвтрүүлэг” гэж бүтээл, тоглолт, эсхүл фонограммыг утасгүй сүлжээгээр болон хиймэл дагуулаар олон нийтэд дамжуулахыг, мөн өргөн нэвтрүүлгийн байгууллага өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгөөр шифр тайлах боломжийг олгож шифрлэсэн дохиог дамжуулахыг;

4.1.18.“олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч” гэж утастай, утасгүй болон харилцаа холбооны бусад сүлжээгээр өргөн нэвтрүүлгийг тодорхой хүрээнд хүлээн авах боломжтойгоор байршуулах,  нэгэн зэрэг дамжуулах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг;

4.1.19.“хуулбарлах” гэж бүтээл, тоглолтын бичлэг, фонограмм, өргөн нэвтрүүлгийг нэг, түүнээс  дээш тоогоор шууд болон шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр хувилан олшруулахыг, түр болон байнгын байдлаар цахим хэлбэрт хадгалахыг;

4.1.20.“нийтлэх” гэж бүтээл, фонограммын биет хуулбарыг холбогдох эрх эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр хувилан олшруулж худалдаалах, түрээслүүлэх, нийтэд зээлдүүлэх, эсхүл бусад хэлбэрээр өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх замаар нийтэд ашиглах боломж олгохыг;

4.1.21.“нийтэд түгээх” гэж бүтээлийн эх хувь, эсхүл түүний хуулбар, тоглолтын бичлэг, эсхүл фонограммын биет хуулбарыг худалдаалах, эсхүл бусад хэлбэрээр тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон дээрх зорилгоор импортлох зэргээр нийтэд ашиглах боломж олгохыг;

4.1.22.“түрээслүүлэх” гэж бүтээлийн эх хувь, эсхүл түүний хуулбар, тоглолтын бичлэг, эсхүл фонограммын биет хуулбарын ашиглах эрхийг тодорхой хугацаагаар ашиг олох зорилгоор бусдад шилжүүлэхийг;

4.1.23.“нийтэд тоглох” гэж гэр бүл, ойрын танилын ердийн хүрээнээс гадуур олон нийт цугласан газар дуу авиа бүхий дүрст бүтээлээс бусад бүтээлийг шууд, эсхүл аливаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглан нийтэд зориулан жүжиглэх, дуулах, хөгжимдөх, унших, бүжиглэх зэргээр тоглож үзүүлэх, дуу авиа бүхий дүрст бүтээлийн хувьд дүрсийг үзүүлж дуу авиаг сонсох боломжоор хангах, фонограммын хувьд дуу авианы бичлэгийг сонсох боломжоор хангахыг;

4.1.24.“нийтэд дэлгэж үзүүлэх” гэж бүтээлийн эх хувь, эсхүл түүний хуулбарыг шууд буюу телевиз, үзэсгэлэн, дуудлага худалдаа, дэлгэц, эсхүл эдгээртэй ижил төстэй хэлбэрээр нийтэд зориулан үзэх боломжтой байдлаар танилцуулахыг;

4.1.25.“нийтийн хүртээл болгох” гэж бүтээлийг нийтэд тоглох, нийтэд дамжуулах, нийтлэх болон бусад хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгохыг;

4.1.26.“нийтэд дамжуулах” гэж бүтээл, хамаарах эрхийн объектыг утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр, хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар нийтэд хүргэхийг;

4.1.27.“нэгэн зэрэг дамжуулах” гэж утастай, утасгүй болон харилцаа холбооны бусад сүлжээгээр аль нэг өргөн нэвтрүүлгийн байгууллагын анхлан дамжуулсан өргөн нэвтрүүлгийг бусад этгээд аливаа өөрчлөлтгүйгээр нэгэн зэрэг, бүрэн эхээр нь нийтэд дамжуулахыг;

4.1.28.“технологийн хамгаалалтын арга хэмжээ” гэж цахим орчинд бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хамгаалах зорилгоор нэвтрэх, хуулбарлах, дамжуулах, нийтэд түгээх боломжийг хязгаарласан, кодолсон, шифрлэлт ашигласан зэрэг хамгаалалтын арга хэмжээг;

4.1.29.“эрхийн удирдлагын мэдээлэл” гэж бүтээл, тоглолт, фонограмм, зохиогч, эрх эзэмшигчийн болон бүтээл, тоглолт, фонограммыг ашиглах нөхцөл, журмын мэдээллийг агуулсан тоо, дүрст тэмдэглэл, кодон мэдээллийг;

4.1.30.“хамтын удирдлагын байгууллага” гэж Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.3-т заасан хуулийн этгээдийг.



ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАХ БҮТЭЭЛ, ЗОХИОГЧ, ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭЗЭМШИГЧ

5 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн бүтээл

5.1.Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно.

5.2.Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамааран бодит хэлбэрээр туурвисан байна.

6 дугаар зүйл.Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл

6.1.Дараах бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:

6.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл бүх төрлийн бүтээл;

6.1.2.хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;

6.1.3.дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл;

6.1.4.уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээл;

6.1.5.чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл;

6.1.6.жүжиг, бүжиг, уран нугаралт, пантомим зэрэг тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;

6.1.7.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

6.1.8.кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл;

6.1.9.газрын зураг, атлас болон архитектурын зураг төсөл, хар зураг, бүдүүвч, диаграмм, гурван хэмжээст илэрхийлэл зэрэг шинжлэх ухаан, техникийн шинжтэй тайлбар зураг;

6.1.10.компьютерын программ;

6.1.11.үүсмэл бүтээл;

6.1.12.мэдээллийн сан;

6.1.13.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл.

6.2.Энэ хуулийн 6.1.11, 6.1.12, 6.1.13-т заасан бүтээлийн зохиогч нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

7 дугаар зүйл.Зохиогчийн эрхээр үл хамгаалах зүйл

7.1.Дараах зүйлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй:

7.1.1.хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, эрх зүйн бусад акт;

7.1.2.төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг;

7.1.3.шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шүүх хуралдаан дээр хэлсэн үг;

7.1.4.энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан баримт бичгийн албан орчуулга;

7.1.5.төрийн бэлгэ тэмдэг, сүлд, туг, далбаа, төрийн шагнал, цолны тэмдэг, одон, медаль болон мөнгөн тэмдэгт, төлбөрийн бусад хэрэгсэл;

7.1.6.үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл;

7.1.7.аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, онол, хийсвэр зүйл, математикийн үзэл баримтлал.

8 дугаар зүйл.Зохиогчийн эрх эдлэх этгээд

8.1.Зохиогчийн эрхийг дараах этгээд эдэлнэ:

8.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

8.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн болон бүтээлээ өөр улсад анх нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

8.1.3.зохиогчийн эрхийн талаар Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн улсын зохиогч, эрх эзэмшигч;

8.1.4.Монгол Улсад байнга оршин суудаг, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэрт ерөнхий захиргаа нь байрладаг дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер;

8.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээлийг байнга байршуулсан зохиогч;

8.1.6.зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд.

8.2.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг бүтээл туурвисан этгээд эдэлнэ.

9 дүгээр зүйл.Хамтарсан зохиогч

9.1.Нэг зорилготойгоор оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд нэгдмэл бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.

9.2.Хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогчид хамтран эдлэх бөгөөд гэрээнд заасан бол хамтын бүтээлийг бүрдүүлэх хэсэг тус бүрийг ашиглах онцгой эрхийг тухайн хувь зохиогч эдэлнэ.

9.3.Толь бичиг, сэтгүүл, шинжлэх ухааны цуврал сэтгүүл, сонин, лавлах зэрэг хамтын бүтээлийн зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг удирдан зохион байгуулсан хувь хүн, хуулийн этгээд эдэлнэ.

9.4.Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын бүтээлийг ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, шилжүүлэхэд бусад хамтран зохиогчдоос зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахгүй.



ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗОХИОГЧИЙН ЭРХ, ТҮҮНИЙ ХУГАЦАА

10 дугаар зүйл.Зохиогчийн эрх үүсэх, таних тэмдэг хэрэглэх

10.1.Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ.

10.2.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно.  

10.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан таних тэмдгийг дараах байдлаар илэрхийлж болно:

10.4.1.дугуй хүрээ бүхий латин “С” үсэг буюу ©;

10.4.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр;

10.4.3.бүтээлийг анх нийтэлсэн огноо.

11 дүгээр зүйл.Зохиогчийн эдлэх эрх

11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ.

12 дугаар зүйл.Зохиогчийн амины эрх

12.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд дараах амины эрх эдэлнэ:

12.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;

12.1.2.зохиомол, нууц нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;

12.1.3.бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах;

12.1.4.бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.  

13 дугаар зүйл.Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх

13.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид “бүтээл ашиглах онцгой эрх” гэх/ эдэлнэ.

13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:

13.2.1.хуулбарлах;     

13.2.2.нийтэд түгээх;

13.2.3.нийтэд дамжуулах;

13.2.4.нийтэд тоглох;

13.2.5.нийтэд дэлгэж үзүүлэх;

13.2.6.түрээслүүлэх;

13.2.7.үүсмэл бүтээл болгон өөрчлөх.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

14 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа

14.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн тооцно.

14.2.Зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.

14.3.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.

14.4.Хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.

14.5.Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.

14.6.Энэ хуулийн 14.5-д заасан бүтээлийн зохиогч нь өөрийгөө ил болгосон, эсхүл бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг энэ хуулийн 14.3-т зааснаар тооцно.

14.7.Хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.

14.8.Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.

15 дугаар зүйл.Зохиогчийн эрхийг өвлөх

15.1.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна.

15.2.Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.

15.3.Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ.

15.4.Зохиогчийн амины эрх өвлөгдөхгүй.

15.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлагч буюу эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй.

15.6.Өв залгамжлагч нь тодорхойгүй, эсхүл өвлөгч нь өв залгамжлалаас татгалзсан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмшинэ.

16 дугаар зүйл.Бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх

16.1.Энэ хуулийн 13.2-т заасан эрхийг хуульд заасан болон бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлнэ.

16.2.Энэ хуулийн 15.6-д заасан бүтээлийг ашиглах зөвшөөрөл олгох эрхийг төрийн болон орон нутгийн өмчийн холбогдох байгууллагын хүсэлтээр тухайн байгууллагад шилжүүлж болно.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАРИМ БҮТЭЭЛИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ОНЦЛОГ

17 дугаар зүйл.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх

17.1.Үүсмэл бүтээлийн зохиогч нь эх бүтээлийн зохиогчоос бичгээр авсан зөвшөөрлийн үндсэн дээр үүсмэл бүтээл туурвих эрхтэй.

17.2.Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан өөр зохиогч өөр үүсмэл бүтээл туурвихад саад болохгүй.

17.3.Үүсмэл бүтээл туурвисан зохиогч нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй тохиолдолд үүсмэл бүтээлдээ зохиогчийн эрх эдэлнэ.

17.4.Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдэлнэ.

18 дугаар зүйл.Түүвэр зохиол, бусад эмхэтгэл бүтээлийн зохиогчийн эрх

18.1.Энэ хуулийн 6.1.13-т заасан бүтээлийн эмхэтгэгч нь эмхэтгэл болон түүвэр зохиолд орсон эх бүтээл бүрийн зохиогчоос бичгээр авсан зөвшөөрлийн үндсэн дээр түүвэр зохиол, бусад эмхэтгэлийг туурвих эрхтэй.

18.2.Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол түүвэр зохиол, эмхэтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь тухайн эмхэтгэлээс үл хамааран өөрийн бүтээлээ чөлөөтэй ашиглах эрхтэй.        

18.3.Түүвэр зохиол, бусад эмхэтгэл бүтээлийн зохиогч нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй тохиолдолд эмхэтгэлд зохиогчийн эрх эдэлнэ.

19 дүгээр зүйл.Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх  

19.1.Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх эдэлнэ.        

19.2.Албан үүргийн дагуу туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх этгээдийг талууд гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ.

19.3.Албан үүргийн дагуу туурвисан болохыг ажилтны ажлын байрны тодорхойлолт, эсхүл ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлно.

19.4.Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр тодорхойлсон чиг үүрэгт хамаарахгүй, эсхүл тусгагдаагүй тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг ажилтан эдэлнэ.

19.5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 19.2-т заасны дагуу ажил олгогч өөрийн үндсэн үйл ажиллагаанаас гадна ашиг олох зорилгоор бүтээлийг бусдад ашиглуулсан бол ажилтан бүтээл ашигласны төлбөрөөс хүртэх эрхтэй.

20 дугаар зүйл.Захиалгаар бүтээл туурвих           

20.1.Захиалгаар бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх эдэлнэ.

20.2.Захиалгаар бүтээл туурвих зохиогч захиалагчтай хийсэн гэрээний дагуу бүтээл туурвиж захиалагчид  хүлээлгэн  өгөх, захиалагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй.

20.3.Захиалгаар туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд захиалагч эдлэхээр заагаагүй бол бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч эдэлнэ.

21 дүгээр зүйл.Кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиогчийн эрх

21.1.Кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиолын зохиогч, найруулагч, хөгжмийн зохиолч, зураглаач, зураач, хувцасны загвар зохион бүтээгч болон уг бүтээлийг туурвихад оролцсон бусад зохиогч нь өөрсдийн оруулсан хувь нэмрийн хувьд зохиогч нь байна.

21.2.Кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол продюсер эдэлнэ.

21.3.Өмнө бүтээгдсэн бүтээлийг кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлд ашиглах тохиолдолд тухайн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авна.

21.4.Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогч өөрийн оруулсан хувь нэмрийг кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлээс салгаж тусад нь ашиглах боломжтой тохиолдолд зохиогч бүтээл ашиглах онцгой эрхийг эдэлнэ.

21.5.Кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиогчид төлөх төлбөрийн нөхцөлийг энэ хуулийн 21.2-т заасан гэрээнд тодорхойлсон байна.

22 дугаар зүйл.Компьютерын программын зохиогчийн эрх

22.1.Компьютерын программ зохиогч нь программ зохиосон нэг, эсхүл хэд хэдэн хувь хүн байж болно.

22.2.Тухайн программ нь анх удаа зохиогдсон буюу эх бүтээл бол энэ хуульд заасны дагуу хамгаалагдана.

22.3.Албан үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад зохиосон компьютерын программын хувьд бүтээл ашиглах онцгой  эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ. Захиалгаар зохиосон компьютерын программын хувьд бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч эдэлнэ.

22.4.Хууль ёсны ашиглагч нь компьютерын программыг дараах зорилгоор зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нэмэлт төлбөргүйгээр хуулбарлах, орчуулах, өөрчлөх, хувиргах эрхтэй байна:

22.4.1.программыг төхөөрөмж болон бусад хэрэгсэлд суулган ашиглах боломжтой болгох;

22.4.2.программын алдааг засварлах зорилгоор ашиглах;

22.4.3.программ алдагдсан, устгагдсанаас ашиглах боломжгүй болсон тохиолдолд нөөцөлж хадгалсан хувилбарыг ашиглах;

22.4.4.программын бүтэц, үндсэн чиг үүрэг, түүний ажиллах зарчмыг судлах, турших.

22.5.Хууль ёсны ашиглагч нь бие даасан программ зохиох болон бусад программыг хооронд нь нийцүүлэх зорилгоор компьютерын программыг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нэмэлт үнэ төлбөргүйгээр хуулбарлах болон орчуулах эрхтэй байна:

22.5.1.бие даасан программ зохиоход шаардлагатай мэдээллийг ашиглах боломж өмнө нь олгогдоогүй байсан;

22.5.2.бие даасан программ зохиоход шаардлагатай эх программын тодорхой хэсгийг ашиглахад хязгаарлалт тавьсан.

22.6.Энэ хуулийн 22.5-д заасны дагуу авсан мэдээллийг бие даасан программ зохиох болон бусад программыг хооронд нь нийцүүлэхээс бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулах, эх программын үндсэн илэрхийлэлтэй ижил төстэй байдлаар хөгжүүлэх, өөрчлөх, хуулбарлах, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

Тайлбар-Энэ хуульд заасан “хууль ёсны ашиглагч” гэж энэ хуульд заасны дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс компьютерын программ, мэдээллийн санг ашиглах зөвшөөрөл авсан этгээдийг ойлгоно.

23 дугаар зүйл.Мэдээллийн сангийн зохиогчийн эрх

23.1.Мэдээллийн сан үүсгэсэн этгээд, эсхүл зохиогчийн эрх эзэмшигч нь эрхээ шилжүүлсэн тохиолдолд мэдээллийн сангийн хуулбарыг түгээх эрхээ алдана.

24 дүгээр зүйл.Мэдээллийн сан ашиглагч этгээдийн эрх, үүрэг

24.1.Мэдээллийн сан үүсгэсэн этгээд мэдээллийн санг хууль ёсоор нийтэд түгээсэн бол хууль ёсны ашиглагч нь мэдээллийн санг ашиглахдаа мэдээллийн сан дахь бүтээлийн зохиогчийн эрх болон хамаарах эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

24.2.Хууль ёсны ашиглагч нь мэдээллийн сангийн хэвийн ашиглалт болон мэдээллийн сан үүсгэсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй.

24.3.Хууль ёсны ашиглагч нь мэдээллийн сангийн тодорхой хэсгийг ашиглах эрх авсан бол зөвхөн тухайн хэсгийг ашиглах эрхтэй.

24.4.Мэдээллийн санг нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ашигласан, хөгжүүлсэн бол бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнд тооцохгүй.

24.5.Мэдээллийн сангийн мэдээллийн зарим хэсгийг дахин давтах, системтэйгээр байршуулах, эсхүл хөгжүүлэхдээ мэдээллийн сан үүсгэсэн  этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийг хориглоно.

25 дугаар зүйл.Дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчийн эрх

25.1.Уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх тохиолдолд бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй. Бүтээл ашиглах бусад онцгой эрхийг энэ хуульд заасан журмын дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс авах үүрэгтэй.

25.2.Уран зураг, эсхүл уран баримлыг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн таваас багагүй хувийг төлөх үүрэгтэй.



ТАВДУГААР БҮЛЭГ
ХАМААРАХ ЭРХ ЭДЛЭХ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭРХ, ХУГАЦАА

26 дугаар зүйл.Хамаарах эрх эдлэх этгээд

26.1.Хамаарах эрхийг дараах этгээд эдэлнэ:

26.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, тоглолтоо энэ хуулийн дагуу хамгаалагдах фонограммд буулгасан, тоглолтоо фонограммд буулгаагүй ч өргөн нэвтрүүлэгт оруулсан тоглогч уран бүтээлч болон дуу авиа бүхий дүрст тоглолтын хувьд Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй тоглогч уран бүтээлч;  

26.1.2.Монгол Улсын иргэн фонограмм бүтээгч, Монгол Улсын нутаг дэвсгэрт анхны бичлэг хийсэн, анх нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;

26.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт ерөнхий удирдлага нь байрладаг өргөн нэвтрүүлгийн байгууллагын өргөн нэвтрүүлэг, Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас өргөн нэвтрүүлгийг дамжуулсан өргөн нэвтрүүлгийн байгууллага;

26.1.4.хамаарах эрхийг хамгаалах талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний гишүүн улс, эсхүл Монгол Улстай уг асуудлаар хоёрт талт олон улсын гэрээ байгуулсан улсын хамаарах эрх эзэмшигч;

26.1.5.зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу хамаарах эрхийн объект ашиглах онцгой эрхийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд.

26.2.Хамаарах эрх эзэмшигч энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасан эрхийг эх бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрхийг хөндөхгүйгээр, зөвшөөрөл авсны үндсэн дээр эдэлнэ. 

       

26.3.Хамаарах эрх үүсэх, түүнийг хамгаалах, хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй.

27 дугаар зүйл.Хамаарах эрх эзэмшигчийн эдлэх эрх

27.1.Хамаарах эрхэд дараах эрхийг хамааруулна:

27.1.1.тоглогч уран бүтээлчийн амины эрх болон шууд тоглосон тоглолт, түүний бичлэгийг ашиглах онцгой эрх;

27.1.2.фонограмм бүтээгчийн фонограмм ашиглах онцгой эрх;

27.1.3.өргөн нэвтрүүлгийн байгууллагын өргөн нэвтрүүлгийг ашиглах онцгой эрх.

28 дугаар зүйл.Тоглогч уран бүтээлчийн эрх

28.1.Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ:

28.1.1.тоглолтондоо нэрээ дурдуулах;

28.1.2.тайзны нэр ашиглах;

28.1.3.тоглолтыг тоглогч уран бүтээлчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.  

28.2.Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ:

28.2.1.тоглолтын бичлэг хийх;

28.2.2.тоглолтыг шууд өргөн нэвтрүүлэх, эсхүл бусад аргаар нийтэд дамжуулах;

Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан “дамжуулах” гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй.

28.2.3.тоглолтын бичлэгийг шууд буюу шууд бусаар аливаа арга, хэлбэрээр хуулбарлах;

28.2.4.тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх;

28.2.5.тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түрээслүүлэх;

28.2.6.тоглолтын бичлэгийг хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгох.     

28.3.Энэ хуулийн 28.2.4-т заасан нийтэд түгээх эрх нь тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр нэгэнт худалдаалагдсан, эсхүл өмчлөх эрхийг нь шилжүүлсэн тоглолтын бичлэгийн хуулбарт хамаарахгүй.

28.4.Энэ хуулийн 28.2-т заасан онцгой эрхийг тоглогч уран бүтээлч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

28.5.Албан үүргийн дагуу гүйцэтгэсэн тоглолтыг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ.

28.6.Тоглогч уран бүтээлч өөрийн тоглолтыг дуу авиа бүхий дүрст бүтээлийн бичлэгт буулгахыг зөвшөөрсөн болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг бичлэгийг хуулбарлах, түгээх, түрээслүүлэх буюу хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгохыг зөвшөөрөх онцгой эрхийг дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер эзэмших бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлснээс олсон орлогоос тоглогч уран бүтээлчид зохих төлбөр төлнө.

28.7.Гэрээнд өөрөөр заагаагүй бол аливаа этгээд тоглогч уран бүтээлчийн тоглолтын бичлэгийг нийтэд тоглуулахад тоглогч уран бүтээлчид зохих төлбөр төлнө.

28.8.Тоглогч уран бүтээлч нь энэ хуулийн 28.2-т заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй.

29 дүгээр зүйл.Фонограмм бүтээгчийн эрх

29.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ:

29.1.1.фонограммыг хуулбарлах;

29.1.2.фонограммыг нийтэд түгээх;

29.1.3.фонограммын хуулбарыг түрээслүүлэх;

29.1.4.фонограммыг нийтэд дамжуулах.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан онцгой эрхийг фонограмм бүтээгч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

29.3.Фонограммыг арилжааны зорилгоор нийтэлсэн, эсхүл уг фонограммын хуулбарыг өргөн нэвтрүүлэгт ашигласан, бусад аргаар нийтэд дамжуулсан,  эсхүл нийтэд тоглосон бол тоглогч уран бүтээлч ба фонограмм бүтээгчид зориулж хэрэглэгч нэг удаагийн зохих төлбөрийг фонограмм бүтээгчид төлнө.

29.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол фонограмм бүтээгч энэ хуулийн 29.3-т заасан төлбөрийн 50 хувийг тоглогч уран бүтээлчид төлнө.

29.5.Энэ хуулийн 29.3-т заасан төлбөрийг авах эрх нь фонограммыг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

29.6.Энэ хуулийн 29.3-т заасан зорилгоор фонограммыг хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгосныг арилжааны зорилгоор нийтэлсэнд тооцно.

29.7.Энэ хуулийн 29.3-т заасан нь фонограмм бүтээгчийн энэ хуулийн 29.1-д заасан онцгой эрхийн хүрээнд фонограмм ашиглаж байгаа тохиолдолд хамаарахгүй. 

29.8.Гэрээнд өөрөөр заагаагүй бол аливаа этгээд фонограммыг тодорхой давтамжтайгаар нийтэд тоглуулахад фонограмм бүтээгчид зохих төлбөр төлнө.

29.9.Фонограмм бүтээгч нь энэ хуулийн 29.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй.

30 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн байгууллагын эрх 

30.1.Өргөн нэвтрүүлгийн байгууллага өөрийн өргөн нэвтрүүлэгтэй холбоотой дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ:   

30.1.1.бичлэг хийх;

30.1.2.бичлэгийг хуулбарлах;

30.1.3.нэгэн зэрэг дамжуулах;

30.1.4.түгээх.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан онцгой эрхийг өргөн нэвтрүүлгийн байгууллага, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

30.3.Олон сувгийн дамжуулагчид энэ хуулийн 30.1-д заасан эрх хамаарахгүй.

30.4.Өргөн нэвтрүүлгийн байгууллага нь энэ хуулийн 30.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын зохиогчийн эрхийг зөрчиж болохгүй.

31 дүгээр зүйл.Хамаарах эрхийн хугацаа

31.1.Энэ хуулийн 28.1-д заасан тоглогч уран бүтээлчийн амины эрхээс бусад хамаарах эрхийг хамгаалах хугацааг хамаарах эрхийн объектын төрлөөс шалтгаалан дараах цаг хугацаанаас эхлэн тооцно:

31.1.1.тоглогч уран бүтээлчийн хувьд тоглолтыг гүйцэтгэсэн жил, эсхүл тоглолтын бичлэгийг нийтэлсэн жил;

31.1.2.фонограмм бүтээгчийн хувьд фонограммыг нь нийтэлсэн, эсхүл нийтлэгдээгүй тохиолдолд фонограммыг бүтээсэн жил;

31.1.3.өргөн нэвтрүүлгийн байгууллагын хувьд өргөн нэвтрүүлгийг нэвтрүүлсэн жил.

31.2.Хамаарах эрхийг хамгаалах хугацаа нь энэ хуулийн 31.1-д заасан цаг хугацааны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

32 дугаар зүйл.Хамаарах эрхийн объектыг ашиглах

32.1.Энэ хуулийн 26.1-д заасан хамаарах эрх эдлэх этгээд болон хамаарах эрх эзэмшигчийн хамаарах эрхийн объектыг эрх шилжүүлэх гэрээ, эсхүл лицензийн гэрээгээр бусдад ашиглуулж болно.

33 дугаар зүйл.Эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээ

33.1.Хамаарах эрх эзэмшигчийн онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно. Эрх шилжүүлэх гэрээнд энэ хуулийн 35, 36 дугаар зүйлийг баримтална.

33.2.Хамаарах эрх эзэмшигчийн онцгой эрхийг лицензийн гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд ашиглуулж болно. Лицензийн гэрээнд энэ хуулийн 35, 37 дугаар зүйлийг баримтална.

34 дүгээр зүйл.Хамаарах эрхийг хязгаарлах

34.1.Хамаарах эрхийн объектын зүй ёсны ашиглалтыг зөрчихгүйгээр энэ хуулийн 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу энэ хуулийн 26.1-д заасан хамаарах эрх эдлэх этгээдийн болон хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр ашиглаж болно.

34.2.Энэ хуулийн 34.1-д зааснаар хамаарах эрхийн объектыг ашиглах тохиолдолд эх сурвалжийг заавал дурдана.



ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БҮТЭЭЛ АШИГЛУУЛАХ НӨХЦӨЛ

35 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглуулах

35.1.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь бүтээлийг бусад этгээдэд дараах хэлбэрээр ашиглуулна:

35.1.1.бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх;

35.1.2.лицензийн гэрээгээр ашиглуулах;

35.1.3.хуульд заасан бусад.

35.2.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг ашиглах тохиолдолд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “оюуны өмчийн байгууллага” гэх/ бүтээл ашиглах зөвшөөрөл олгоно.

35.3.Энэ хуулийн 35.2-т заасан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхой болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсан бол оюуны өмчийн байгууллага зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид төлбөрийн зохих хувийг нөхөж олгоно.

35.4.Энэ хуулийн 35.3-т заасан бүтээл ашигласан төлбөрийг нөхөж олгох журмыг Засгийн газар батална.

36 дугаар зүйл.Эрх шилжүүлэх гэрээ

36.1.Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно.          

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:

36.2.1.бүтээлийн нэр, тодорхойлолт;

36.2.2.бүтээл ашиглах онцгой эрхийг хэсэгчлэн шилжүүлж байгаа бол шилжүүлж байгаа эрх;

36.2.3.төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл;

36.2.4.зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг;

36.2.5.эрх шилжүүлэн авагчийн  эрх, үүрэг;

36.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэх хариуцлага;

36.2.7.маргаан шийдвэрлэх журам.

36.3.Эрх шилжүүлэх гэрээнд тусгайлан заагаагүй бүтээл ашиглах бусад онцгой эрх нь зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид хэвээр хадгалагдана.

36.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогч бусад этгээдэд бүтээлийн эх хувь, эсхүл хуулбарын өмчлөх эрхийг шилжүүлснийг зохиогчийн тус бүтээл дэх бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлсэнд тооцохгүй.

37 дугаар зүйл.Лицензийн гэрээ

37.1.Энэ хуулийн 35.1.2-т заасны дагуу бүтээл ашиглах онцгой эрхийг дараах төрлийн лицензийн гэрээгээр ашиглуулж болно:

37.1.1.зохиогчийн эрх эзэмшигч нь бүтээлийг гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахыг хязгаарлаагүй нөхцөлөөр байгуулах энгийн лицензийн гэрээ;

37.1.2.зохиогчийн эрх эзэмшигч нь бүтээлийг гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулахгүй байх нөхцөлөөр байгуулах онцгой лицензийн гэрээ.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:

37.2.1.бүтээлийн нэр, тодорхойлолт;

37.2.2.лицензийн гэрээний төрөл, олгож байгаа эрх;

37.2.3.олгосон эрхийг дахин дамжуулж болох эсэх;

37.2.4.бүтээл ашиглах хугацаа, нөхцөл, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;

37.2.5.бүтээл ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл;

37.2.6.зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг;

37.2.7.бүтээл ашиглагчийн эрх, үүрэг;

37.2.8.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэх хариуцлага;

37.2.9.маргаан шийдвэрлэх журам.

37.3.Энгийн лиценз олгож байгаа зохиогчийн эрх эзэмшигч нь лиценз эзэмшигчийн хүсэлтээр бусад этгээдэд олгосон лицензийн гэрээний талаарх мэдээллийг өгч болно.

37.4.Энгийн болон онцгой лицензийн гэрээнд тусгайлан заагаагүй бүтээл ашиглах бусад онцгой эрх нь зохиогчийн эрх эзэмшигчид хэвээр хадгалагдана.

37.5.Бүтээл ашигласны төлбөрийн хэмжээг тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр талын хэлэлцэн тогтоосон нэгж үнийн дүнгээр, эсхүл нийт үнийн дүнгээр тодорхойлж болно.

37.6.Энэ хуулийн 37.5-д заасны дагуу бүтээлийн төлбөрийн хэмжээг нэгж үнийн дүнгээр тодорхойлсон бол зохиогчийн эрх эзэмшигч нь лиценз эзэмшигчээс олсон орлого, борлуулалтын талаарх мэдээллийг шаардах эрхтэй.

38 дугаар зүйл.Зохиогчийн эрхийг хязгаарлах

38.1.Бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан дараах тохиолдлыг бүтээл ашиглах онцгой эрхийн зөрчилд тооцохгүй:

38.1.1.олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах;

38.1.2.эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, шүүмж бичих зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах;

38.1.3.хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах;

38.1.4.архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах;

38.1.5.хувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах;

38.1.6.бүтээлээс эшлэл авах;

38.1.7.олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээлийг ашиглах;

38.1.8.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дотоод хэрэгцээнд зориулан хуулбарлах.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу бүтээл ашиглах бол дараах нөхцөлийг хангасан байна:

38.2.1.бүтээлийн зохиогч, эх сурвалжийг заавал дурдах;

38.2.2.ашиг олох зорилгогүй байх;

38.2.3.ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх;

38.2.4.зах зээлд сөргөөр нөлөөлөөгүй байх.

39 дүгээр зүйл.Мэдээллийн зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах

39.1.Олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах гэдэгт доор дурдсаныг хамааруулна:

39.1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс хэсэгчлэн ашиглах;

39.1.2.эдийн засаг, нийгэм, хууль, эрх зүй, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд нийтлэгдсэн, өргөн нэвтрүүлсэн бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонин, сэтгүүлд нийтлэх, өргөн нэвтрүүлэх, дамжуулах, нэгэн зэрэг дамжуулах;

39.1.3.олон нийтэд мэдээлэх зорилгоор хурал, цуглаан дээр хэлсэн үг, илтгэл, лекцийн агуулгыг өдөр тутмын сонин хэвлэлд ашиглах, шүүх хуралдааны явц, шүүх хуралдаан дээр хэлсэн үг зэргийг ашиглах;

39.1.4.үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор ашиглах, урлагийн бүтээлийн худалдаа, уран зургийн бүтээлийн үзэсгэлэнг сурталчлах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд дамжуулах.

39.2.Олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглахдаа эшлэл авна.

40 дүгээр зүйл.Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах

40.1.Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах гэдэгт доор дурдсаныг хамааруулна:

40.1.1.шинжлэх ухааны судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, шүүмж бичих зорилгоор хэвлэгдсэн бүтээлээс эшлэл авч хэсэгчлэн ашиглах;

40.1.2.багшлах болон сургуулийн сургалтын хөтөлбөртэй холбоотойгоор дуу-дүрсний бичлэг хийх, бичих, зурагт үзүүлэнд оруулах зэргээр хэсэгчлэн ашиглах.

41 дүгээр зүйл.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах

41.1.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл олж авах эрхийг хангах зорилгоор бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, түгээх болон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрнө.

41.2.Бүтээлийн хүртээмжтэй хэлбэр бүхий хуулбарыг хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүс тусгайлан ашиглах бөгөөд бүтээлийг тэдгээрийн хэрэгцээнд зориулан хөрвүүлэхдээ эх бүтээлийн халдашгүй байдлыг хүндэтгэн үзнэ.

41.3.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнийг боловсрол, мэргэшсэн сургалт, номын сан, мэдээллээр хангах чиглэлээр, дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон Засгийн газраас эрх олгосон ашгийн төлөө бус байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/ ажиллана.

41.4.Энэ хуулийн 41.3-т заасан эрх бүхий байгууллага нь хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд зориулан бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлаж түгээх, дамжуулах үйл ажиллагааг явуулахдаа доор дурдсан шаардлагыг хангана:

41.4.1.тухайн бүтээл, эсхүл түүний хуулбарыг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, түгээх, дамжуулах хууль ёсны эрхтэй байх;

41.4.2.аливаа бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэхдээ зайлшгүй шаардагдах өөрчлөлтөөс бусад өөрчлөлтийг оруулахгүй байх;

41.4.3.бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэхдээ онцлог хэрэгцээнд нь нийцүүлсэн байх;

41.4.4.ашгийн төлөө бус зорилготой байх.

41.5.Эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 41.4-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр аливаа бүтээлийг хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, бусад эрх бүхий байгууллагаас уг хуулбарыг олж авах, дамжуулах, түгээх эрх эдэлнэ.

41.6.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй,  хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон эрх бүхий байгууллага, эсхүл дээрх байгууллагын албан тушаалтан нь бүтээлийг эдгээр хүмүүст хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хил дамнуулан солилцох, хүлээн  авах, түгээх, боловсролыг дэмжих зорилгоор мэдээллийн технологийн хэрэгслээр дамжуулан номын сангийн материалыг хүртээмжтэй болгож сургалтад ашиглах, бүтээлийг хичээлийн танхимд ашиглуулах, дэлгэж үзүүлэх, бүтээлийг зайны сургалтад зориулан хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрнө.

Тайлбар: Энэ хуульд заасан “хүртээмжтэй хэлбэр бүхий хуулбар” гэж хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд бүтээлийг бусдын адил чөлөөтэй, саадгүй хүлээн авахад  нь зориулан бүтээсэн сонгох боломжтой төрөл, эсхүл хэлбэрт хөрвүүлсэн хуулбарыг ойлгоно.

41.7.Энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллага хандсан бол тухайн цахим хувийг хадгалж байгаа байгууллага, хувь хүн саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

42 дугаар зүйл.Архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах        

42.1.Архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлийг доор дурдсан хэлбэрээр зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрнө:

42.1.1.архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвих зорилгоор хэсэгчлэн хуулбарлах;

42.1.2.архив, музей, номын санд хадгалагдаж байгаа ганц хувь болон ховор хуучин бүтээлийг хадгалж хамгаалах зорилгоор, эсхүл гэмтсэн, элэгдэлд орсон, устаж үрэгдсэн, хулгайд алдагдсан бүтээлийн хувийг нөхөн бүрдүүлэх боломжгүй гэж үзвэл нийтлэгдсэн бүтээлийг хуулбарлах, тусгай хэлбэрт хөрвүүлэх, цахим хэлбэрт оруулах замаар хуулбарлах;

42.1.3.архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээл устаж үрэгдсэн, гэмтсэн, ашиглах боломжгүй болсон, алдагдсан болон тухайн бүтээлийн хуулбарыг хүлээн зөвшөөрөгдсөн бусад аргаар олж авах боломжгүй бол орлуулах зорилгоор адил төрлийн архив, номын сан, музейд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;

42.1.4.номын сангийн сан хөмрөгт байгаа бүтээлд дүн шинжилгээ, хайлт хийх зорилгоор цахим мэдээллийн сан бүрдүүлэх.

43 дугаар зүйл.Хувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах

43.1.Энэ хуулийн 43.2-т зааснаас бусад тохиолдолд хувь хүн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиг олох зорилгогүйгээр нийтийн хүртээл болсон бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хуулбарлаж болно.

43.2.Дараах бүтээлийг хуулбарлахад энэ хуулийн 43.1-д заасан нөхцөл хамаарахгүй:

43.2.1.байшин, барилга байгууламж бүхий архитектурын бүтээл;

43.2.2.компьютерын программ;

43.2.3.мэдээллийн сан.

44 дүгээр зүйл.Бүтээлээс эшлэл авах

44.1.Энэ хуульд заасны дагуу бүтээлээс эшлэл авахдаа ашиглагч нь эшлэх зорилгоос хэтрүүлэхгүй, тухайн бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй.

45 дугаар зүйл.Олон нийтийн аюулгүй байдлыг хангах  зорилгоор бүтээлийг ашиглах

45.1.Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр бүтээлийг хуулбарлах, түгээх, дамжуулахыг зөвшөөрнө.

              

46 дугаар зүйл.Архитектурын бүтээл, хөшөө, уран баримлын зохиогчийн эрхийг хязгаарлах

46.1.Архитектурын бүтээл, хөшөө, уран баримлыг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр доор дурдсан хэлбэрээр ашиглаж болно:

46.1.1.олон нийтийн газар байнга байрлуулсан архитектурын бүтээл, хөшөө, уран баримлыг хуулбарлан зурах, кино болон гэрэл зураг авах хэлбэрээр нийтэд дэлгэж үзүүлэх;

46.1.2.архитектурын зураг төсөл, загвар болон зураг бүдүүвчийг тухайн барилга байгууламжийг сэргээн засварлах зорилгоор ашиглах.

46.2.Энэ хуулийн 46.1.1 дэх заалт нь архитектурын бүтээлийг барилга болон барилга байгууламж хэлбэрээр шууд, эсхүл шууд бусаар ашиг олох зорилгоор бүхэлд нь хуулбарлах эрхийг олгохгүй.



ДОЛДУГААР БҮЛЭГ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА

47 дугаар зүйл.Хамтын удирдлагын байгууллага

47.1.Хамтын удирдлагын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:

47.1.1.ашгийн төлөө бус хуулийн этгээд байх;

47.1.2.зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийг гишүүнчлэлд хамруулсан байх;

47.1.3.зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн төлөөлөх эрх олгох зөвшөөрлийг бичгээр авсан байх;

47.1.4.бүтээл ашиглалтын төлбөрийг хураах, цуглуулах, хуваарилах арга, хэлбэр болон гишүүдийнхээ эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, удирдлагын зохион байгуулалтын бүтэц нь тодорхой, оновчтой байх;

47.1.5.гүйцэтгэх удирдлага болон ажилтан нь зохиогчийн эрх болон хамаарах эрхийн талаар 40 хүртэлх цагийн сургалтад хамрагдсан байх.

47.2.Хамтын удирдлагын байгууллага нь оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхдээ доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

47.2.1.хамтын удирдлагын байгууллагыг үүсгэн байгуулах гэрээ, дүрэм;

47.2.2.хамтын удирдлагын байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, нийт гишүүдийн нэр, хаяг, тоо, бусад шаардлагатай мэдээлэл;

47.2.3.хамтын удирдлагын байгууллагын удирдлагын бүтцийн талаарх мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын нэр, хаяг;

47.2.4.санал болгох бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээ;

47.2.5.бүтээл ашигласны төлбөр хураан авах, хуваарилах журам;

47.2.6.гишүүдийн бүтээл, зохиогчийн эрх, хамаарах эрхийн жагсаалт, бүртгэлийн тооны талаарх мэдүүлэг;

47.2.7.зохиогчийн эрх, хамаарах эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний гурван жилийн төлөвлөгөөнд орлого, зарлага, зохион байгуулалтын бүтэц зэргийг хамааруулах. 

47.3.Энэ хуулийн 47.1, 47.2-т заасан шаардлагыг хангаагүй, бүрдэл дутуу, хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл санал болгосон бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ үндэслэлгүй гэж үзвэл оюуны өмчийн байгууллага хамтын удирдлагын байгууллагыг бүртгэхээс татгалзана.

47.4.Энэ хуулийн 47.2.4-т заасан бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээг Зөвлөл хянан баталгаажуулна.

47.5.Энэ хуулийн 47.1.5-д заасан сургалтыг оюуны өмчийн байгууллага болон түүнээс эрх олгосон хуулийн этгээд зохион байгуулна. Сургалт зохион байгуулах журмыг оюуны өмчийн байгууллагын дарга батална.

48 дугаар зүйл.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа

48.1.Хамтын удирдлагын байгууллага нь өөрийн гишүүн зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна:

48.1.1.батлагдсан тарифын дагуу бүтээл ашиглах лиценз авсан этгээдээс төлбөр хураан авах;

48.1.2.энэ хуулийн 48.1.1-д заасан төлбөрөөс зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;

48.1.3.гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу холбогдох байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх;

48.1.4.зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудлаар гэрээгээр тусгайлан олгосон эрхийн хүрээнд итгэмжлэлгүйгээр шүүх болон бусад төрийн байгууллагад төлөөлөх;

48.1.5.гадаад улсын ижил төрлийн хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллах, харилцан төлөөллийн гэрээ байгуулах;

48.1.6.гэрээнд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх.

48.2.Хамтын удирдлагын байгууллагын зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн бүтээл ашиглах онцгой эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд баримтлах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

48.3.Хамтын удирдлагын байгууллагыг бүртгэх, гэрээ байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

48.4.Хамтын удирдлагын байгууллага нь жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор оюуны өмчийн байгууллагад дараах мэдээллийг ирүүлнэ:

48.4.1.үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

48.4.2.хураасан төлбөр, хуваарилалтын дэлгэрэнгүй мэдээлэл;

48.4.3.бүтээлийг ашиглуулахаар байгуулсан гэрээний мэдээлэл;

48.4.4.гишүүдэд тайлан тавьсан тухай хурлын тэмдэглэл.

48.5.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааны тайланд дараах мэдээллийг тусгасан байна:

48.5.1.зохиогчийн эрх, хамаарах эрхийн төрөл, ангилал тус бүрд цуглуулсан төлбөрийн мэдээлэл, гишүүдэд хуваарилсан төлбөрийн дүн, захиргааны зардал болон төлөгдөөгүй бүтээл ашиглалтын төлбөрийн дүнгийн талаарх тухайн жилийн санхүүгийн мэдээлэл;

48.5.2.тухайн жилд хамтын удирдлагын байгууллагын байгуулсан лицензийн гэрээний тоо, үнийн дүн, гэрээний хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлан;

48.5.3.удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

48.5.4.бусад хамтын удирдлагын байгууллагатай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл;

48.5.5.хамтын удирдлагын байгууллагын дүрэмд заасан бол соёл, урлаг, боловсролыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл.

49 дүгээр зүйл.Хамтын удирдлагын байгууллагын үүрэг

49.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараах үүрэг хүлээнэ:

49.1.1.зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны төлбөрийг олгохдоо тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах;

49.1.2.лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;

49.1.3.бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардлыг хасаж, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчид тогтмол хугацаанд бүтээл ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах;  

49.1.4.энэ хуулийн дагуу холбогдох байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрэмд орсон өөрчлөлтийг холбогдох байгууллага, гишүүдэд мэдэгдэх.

49.2.Төлбөр хураан авах, хуваарилахтай холбоотой журам болон үйл ажиллагааны зардалд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг бүх гишүүдийн хурлаар батална.

49.3.Хамтын удирдлагын байгууллага нь үйл ажиллагааны зардлыг суутгасны дараа бүтээл ашигласны төлбөрийг баталсан хуваарилалтын журмын дагуу гишүүдэд хуваарилна.

49.4.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааны зардал нь бүтээл ашиглалтын нийт төлбөрийн үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна.

49.5.Хамтын удирдлагын байгууллагын гишүүн хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, бүтээл ашиглалтын батлагдсан тариф, төлбөр хуваарилалтын журам, өөрийн бүтээлийн ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хамтын удирдлагын байгууллагаас шаардах эрхтэй.

49.6.Хамтын удирдлагын байгууллагын санхүүгийн тайланд аудит хийлгэнэ.

50 дугаар зүйл.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

50.1.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд оюуны өмчийн байгууллага хяналт тавина.

50.2.Хамтын удирдлагын байгууллага энэ хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол оюуны өмчийн байгууллага зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна.

50.3.Оюуны өмчийн байгууллага дараах тохиолдолд хамтын удирдлагын байгууллагын бүртгэлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

50.3.1.батлагдсан төлбөрөөс илүү хэмжээгээр төлбөр хураан авсан;

50.3.2.батлагдсан төлбөр дээр нэмэлт төлбөр ногдуулж авсан;

50.3.3.энэ хуулийн 48.4, 48.5-д заасан тайлан, мэдээллийг ирүүлээгүй;

50.3.4.энэ хуулийн 50.2-т заасан үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй.

50.4.Оюуны өмчийн байгууллага дараах тохиолдолд хамтын удирдлагын байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, бүртгэлийг хүчингүй болгоно:

50.4.1.энэ хууль болон хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл зохиогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулсан;

50.4.2.хууран мэхэлж, эсхүл хууль бус аргаар зөвшөөрөл авсан нь нотлогдсон;

50.4.3.энэ хуульд заасан тайлан, мэдээллийг худал мэдүүлсэн нь нотлогдсон;

50.4.4.үйл ажиллагаагаа ашгийн төлөө болгож өөрчилсөн;

50.4.5.бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэрийг үл харгалзан үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан;

50.4.6.үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлж, гэрээ байгуулснаас хойш нэг жилийн дотор үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл нэг жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй.

50.5.Энэ хуулийн 50.4.1-д заасан ноцтой зөрчлийг оюуны өмчийн байгууллага, хамтын удирдлагын байгууллагатай байгуулах хамтран ажиллах гэрээнд нэрлэн заана.

50.6.Энэ хуулийн 50.3, 50.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг оюуны өмчийн байгууллага нийтэд мэдээлнэ.

50.7.Энэ хуулийн 50.3, 50.4-т заасан оюуны өмчийн байгууллагын шийдвэрийг хамтын удирдлагын байгууллага үндэслэлгүй гэж үзвэл холбогдох хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.

50.8.Хамтын удирдлагын байгууллагыг татан буулгахдаа оюуны өмчийн байгууллагаас зөвшөөрөл авна.

51 дүгээр зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл

51.1.Зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.

51.2.Зөвлөл нь дарга, 14 гишүүнээс бүрдэнэ.

51.3.Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг оюуны өмчийн байгууллага хэрэгжүүлнэ.

51.4.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна. Зөвлөлийг нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

51.5.Зөвлөлийн дарга, гишүүнд урамшуулал олгоно.

51.6.Зөвлөл нь хамтын удирдлагын байгууллагаас санал болгосон бүтээл ашиглалтын тарифын нөхцөл нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, бүтээлийн хэвийн ашиглалт, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзвэл бүтээл ашиглалтын тарифыг баталгаажуулахгүй байж болно.

51.7.Зөвлөлийн бүрэлдэхүүн, гомдлыг урьдчилан шийдвэрлэх, бүтээл ашиглалтын тариф батлах болон бусад үйл ажиллагаанд баримтлах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

51.8.Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.



НАЙМДУГААР БҮЛЭГ
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИОГЧИЙН ЭРХ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

52 дугаар зүйл.Цахим болон харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах

52.1.Интернетийн үйлчилгээ түгээгч, агрегатор, цахим хуудас эрхлэгч, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон сувгийн дамжуулагч нь өөрийн болон бусад сервер, сүлжээ, санд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.

Тайлбар: Энэ хуульд заасан “агрегатор” гэдэгт контент цуглуулах, нийлүүлэх болон эдгээрийг олон нийтэд санал болгож байгаа этгээдийг ойлгоно.

52.2.Энэ хуулийн 52.1-д заасан этгээд нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдсэн даруй тухайн зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглалтыг зогсоох, хаах үүрэг хүлээнэ.

52.3.Энэ хуулийн 52.1, 52.2-т заасан үүргээ биелүүлээгүй этгээдэд оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна. 

52.4.Оюуны өмчийн улсын байцаагч нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар яаралтай арга хэмжээ авах зорилгоор зөрчилтэй үйлдлийг зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зогсоох, эсхүл үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн зогсоох арга хэмжээг нэн даруй авах эрхтэй.

52.5.Энэ хуулийн 52.1, 52.2-т заасны дагуу зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглахыг зогсоосон, хаасантай холбоотой маргааныг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

52.6.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтээл ашиглах этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа бол зохиогчийн эрхийн зөрчлийг арилгах арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэй.

53 дугаар зүйл.Технологийн хамгаалалтын арга хэмжээ

53.1.Зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн энэ хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх, өөрийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан хамгаалах зорилгоор хэрэглэж байгаа технологийн хамгаалалтыг санаатайгаар эвдэх, идэвхгүйжүүлэх, устгах, гэмтээхийг хориглох бөгөөд эдгээр үйлдлийг зохиогчийн эрх, эсхүл хамаарах эрхийн зөрчилд тооцно.

53.2.Технологийн хамгаалалтыг эвдэх, идэвхгүйжүүлэх, устгах, гэмтээх үндсэн зориулалттай технологи, тоног төхөөрөмжийг арилжааны зорилгоор үйлдвэрлэх, импортлох, сурталчлах, санал болгох, түрээслэх, нийлүүлэхийг хориглох бөгөөд эдгээр үйлдлийг зохиогчийн эрх, эсхүл хамаарах эрхийн зөрчилд тооцно.   

53.3.Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн үйл ажиллагаанд энэ хуулийн 53.1, 53.2-т заасан зохицуулалт хамаарахгүй.

54 дүгээр зүйл.Эрхийн удирдлагын мэдээлэл

54.1.Эрхийн удирдлагын мэдээллийг бүтээлийн хуулбар, тоглолт, фонограммын бичлэгт хавсаргасан, эсхүл хуулбар дотор агуулсан байдлаар байршуулсан, эсхүл эдгээрийг цахим орчинд дамжуулах, нийтийн хүртээл болгоход ил тод байдлаар байршуулна.  

54.2.Эрхийн удирдлагын мэдээллийг зохиогч болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуульд заасан эрхийг зөрчих боломж олгох, эсхүл зөрчлийг нуун дарагдуулах зорилгоор санаатайгаар устгах, өөрчлөх, эсхүл нэмэлт хийхийг хориглох бөгөөд эдгээр үйлдлийг зохиогчийн эрх, эсхүл хамаарах эрхийн зөрчилд тооцно.

54.3.Эрхийн удирдлагын талаар гуйвуулсан мэдээлэл агуулсан бүтээлийн хуулбар, тоглолт, фонограммын бичлэгийг нийтэд түгээх, импортлох, нийтэд дамжуулах, нийтэд ашиглах боломж олгохыг хориглох бөгөөд эдгээр үйлдлийг зохиогчийн эрх, эсхүл хамаарах эрхийн зөрчилд тооцно.

54.4.Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн үйл ажиллагаанд энэ хуулийн 54.1, 54.2, 54.3-т заасан зохицуулалт хамаарахгүй.

55 дугаар зүйл.Зохиогч болон тоглогч уран бүтээлчийн амины эрхийг хамгаалах

55.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн, эсхүл тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч болон тоглогч уран бүтээлч нас барсан бол түүний өв залгамжлагч, өв залгамжлагчгүй бол оюуны өмчийн байгууллага нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоолгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эдийн бус гэм хорыг арилгуулахаар уг эрх зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

56 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн зөрчилд тооцогдох үйлдэл

56.1.Зохиогчийн эрх болон хамаарах эрхийг дараах тохиолдолд зөрчсөнд тооцно:

56.1.1.зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ашиглах, гэрээний нөхцөл, журмыг зөрчих;

56.1.2.зохиогчийн эрх болон хамаарах эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг ашгийн зорилгоор үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх;

56.1.3.энэ хууль болон гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх;

56.1.4.зохиогч болон тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчих;

56.1.5.эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг олон нийтийн сүлжээнд байршуулах, интернетийн /цахим/ холбоос хийх, хөгжүүлэлт хийх;

56.1.6.хуульд заасан бусад.

57 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

57.1.Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

57.2.Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

57.3.Эрх нь зөрчигдсөн зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлын төлбөрт тооцон түүнд шилжүүлэх, хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авна.

57.4.Энэ хуулийг зөрчиж, зохиогчийн эрхийн бүтээл болон хамаарах эрхийн объектыг хуулбарлахад ашигласан эд зүйл, техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгоно.

58 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

58.1.Хамтын удирдлагын байгууллагын хувьд энэ хуулийн 49.4-т заасан хязгаарлалт 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хамаарахгүй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР