www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх, ашиглах, үр шимийг хүртэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Генетик нөөцийн хууль тогтоомж

2.1.Генетик нөөцийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Амьтны тухай хууль, Хувиргасан амьд организмын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь ургамал, амьтан, бичил биетнээс гаралтай генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгт хамааралтай харилцаанд үйлчилнэ.

3.2.Энэ хууль нь хүний генетик нөөцтэй холбоотой болон Малын генетик нөөцийн тухай хуулиар зохицуулсан харилцаанд хамаарахгүй.

 3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасныг;

4.1.2.“биологийн нөөц” гэж генетик нөөц болон бодит, эсхүл боломжит үнэ цэнэ бүхий экосистемийн амьд бүрэлдэхүүн хэсгийг;

4.1.3.“биосоёлын тэмдэглэл” гэж иргэд орон нутгийнхаа генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тодорхойлж, түүнийг бусад этгээдэд ашиглуулах нөхцөлийг хэлэлцэн тохирсон зөвшилцлийг;

4.1.4.“биотехнологи” гэж биологийн систем, амьд биес, тэдгээрээс гаралтай үүсмэлийг ашиглан тодорхой зориулалт бүхий бүтээгдэхүүн, эсхүл арга ажиллагаа бий болгох аливаа технологийг;

4.1.5.“биохайгуул” гэж биологийн олон янз байдлын генетик нөөцийг ашиг олох зорилгоор хайх, судлах үйл явцыг;

4.1.6.“бичил биетэн” гэж энгийн нүдэнд үл үзэгдэх нэг ба олон эст амьд бие, вирусийг;

4.1.7.“генетик материал” гэж ургамал, амьтан, бичил биетний болон бусад эх үүсвэрээс гаралтай удамшлын бүтэц, үйл ажиллагааны нэгж агуулсан аливаа бүрэлдэхүүнийг;

4.1.8.“генетик нөөц” гэж бодит, эсхүл боломжит үнэ цэнэ бүхий генетик материал, үүсмэлийг;

4.1.9.“генетик нөөц ашиглах” гэж генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон ашиг олох зорилгоор илрүүлэх, цуглуулах, судлан хөгжүүлэх, бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагааг;

4.1.10.“генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг” гэж аман болон бичмэл, бусад хэлбэрээр өвлөгдөн, уламжлагдаж ирсэн биологийн нөөцийн онцлог шинж чанар, түүнийг ашиглах мэдлэг, арга ухаан, дадлыг;

4.1.11.“генетик нөөцийн материал дамжуулах гэрээ” гэж генетик нөөцийн биет дээж, сорьц, материал, үүсмэлийг ашиглах, эсхүл хадгалах талд тодорхой нөхцөлтэйгөөр дамжуулах хэлцлийг;

4.1.12.“генийн сан” гэж амьд бие, эрхтэн, эд, эс, өсгөвөр, удамшлын материалын биет болон тоон мэдээллийн сан хөмрөгийг;

4.1.13.“олон улсын мэдээлэл солилцооны төв” гэж Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протокол /цаашид “Нагоягийн протокол” гэх/-ыг соёрхон батлах тухай хуульд заасны дагуу гишүүн орнуудын дунд хэрэгждэг генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын талаарх мэдээлэл солилцох тогтолцоог;

4.1.14.“ургамал” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг;

4.1.15.“урьдчилсан зөвшөөрөл” гэж генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгээ ашиглуулж болохыг зөвшөөрсөн эзэмшигчээс өгсөн баталгааг;

4.1.16.“үр шимийн гэрээ” гэж генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэх нөхцөлийг тодорхойлсон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигч ба ашиглах хүсэлт гаргагчийн хооронд байгуулсан гэрээг;

4.1.17.“үүсмэл” гэж генийн үйл ажиллагаа, бодисын солилцооны дүнд уламжлан үүсэх, байгальд тохиолддог биохимийн нэгдлийг.

5 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Төрөөс генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглахад дараах зарчим баримтална:

5.1.1.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлах;

5.1.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, зохистой ашиглах;

5.1.3.шийдвэр, үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;

5.1.4.үр шимийг шударга, эрх тэгш хүртэх.

6 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өмчлөгч, эзэмшигч

6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай генетик нөөц төрийн өмч байна.

6.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлагч нь тухайн мэдлэгийг энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээ нотлох баримтын хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-д хүргүүлнэ.

6.3.Генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг энэ хуулийн 14.5-д заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд тухайн мэдлэг нь түгээмэл ашиглагддаг, эсхүл эзэмшигч нь тогтоогдох боломжгүй тохиолдолд төр эзэмшигч байна.

6.4.Энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, биохайгуул хийх, ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгож болно.

6.5.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг илрүүлэх, биохайгуул хийх, мэдээллийн санд бүртгүүлэхгүй ашиглах, бусдад дамжуулах, худалдах, үр шимийг хүртэхийг хориглоно.



ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГТЭЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ

7 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого

7.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэлжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн инновацын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжинэ.

7.3.Генетик нөөц, уламжлалт мэдлэг, биотехнологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэнэ.

7.4.Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

8 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгтэй холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага

8.1.Төрийн захиргааны төв байгууллага генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

8.1.2.энэ хуульд заасан урьдчилсан зөвшөөрөл, биосоёлын тэмдэглэл, тусгай зөвшөөрөл, үр шимийн гэрээ, генетик нөөцийн материал дамжуулах гэрээ, газарзүйн гарал үүслийн тодорхойлолтын загварыг батлах;

8.1.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, хүчингүй болгох;

8.1.4.устаж үгүй болох эрсдэлд орсон генетик нөөц агуулсан нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамал, амьтны нөөцийн жагсаалтыг баталж, хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

8.1.5.генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох;

8.1.6.энэ хуулийн 16.1-д заасан үр шимийн гэрээг мэдээллийн санд бүртгэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр шимийн гэрээний нууцлалыг хадгалах;

8.1.7.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглаж гарган авсан бүтээгдэхүүний үнэ, эрэлт, хэрэгцээ, хэтийн төлөвийг судлах;

8.1.8.генетик нөөцийн тархац, ангилал зүйн судалгаа, нөөцийн үнэлгээг хийлгэх;

8.1.9.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн судалгаа, тооллого зохион байгуулж, бүртгэх;

8.1.10.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, судлах, ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох этгээдээс мэдээлэл, тайлан гаргуулах;

8.1.11.биологийн судалгааны үр дүн, инноваци, ашиг олохын өмнөх болон дараа үеийн холбогдох мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулах;

8.1.12.олон нийтэд генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар мэдлэг олгох ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах;

8.1.13.Нагоягийн протоколын үндэсний зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд олон улсын мэдээлэл солилцооны төвтэй харилцах нэгжтэй байх;

8.1.14.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах;

8.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн асуудалд оюуны өмчийн эрх үүссэн эсэхийг хянаж шалгах бөгөөд үүссэн тохиолдолд энэ талаар төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.

8.3.Хүнс, хөдөө аж ахуй, анагаах ухаан, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарт хамаарах генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх ёс зүйн хэм хэмжээг тусгасан ёс зүйн дүрмийн төслийг боловсруулан энэ хуулийн 9.4.2-т заасны дагуу Мэргэжлийн зөвлөлд хянуулж, батална.

8.4.Төрийн захиргааны төв байгууллага болон энэ хуулийн 8.3-т заасан төрийн захиргааны төв байгууллага Нагоягийн протоколд заасан генетик нөөцийн ашиглалтын хяналтын цэгийн үүргийг гүйцэтгэнэ.

8.5.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.5.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэрийн биелэлтийг өөрийн нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

8.5.2.энэ хуулийн 10.3.2-т заасан бүртгэлийг үндэслэн генетик нөөцийн газарзүйн гарал үүслийн тодорхойлолтыг 14 хоногийн дотор олгох;

8.5.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эзэмшигч, ашиглагчийн хооронд байгуулсан үр шимийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

8.5.4.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг болон биосоёлын тэмдэглэлийг бүртгэж, энэ хуулийн 10.3-т заасан мэдээллийн санд ажлын 14 өдрийн дотор байршуулах.

8.6.Гадаад улсаас гаралтай генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тохиолдолд тухайн улсын хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрлийг авсан байна.

8.7.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглах, судлан хөгжүүлэх санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

8.7.1.улсын болон орон нутгийн төсвөөс;

8.7.2.олон улсын байгууллагын хамтын ажиллагааны оролцооны санхүүжилтээс;

8.7.3.бусад эх үүсвэрээс.

8.8.Улсын төсвөөс дараах зардлыг санхүүжүүлнэ:

8.8.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл мэдээллийн сан, генийн сан бүрдүүлж, эрхлэх;

8.8.2.судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжих;

8.8.3.сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

8.8.4.хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.

9 дүгээр зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн Мэргэжлийн зөвлөл

9.1.Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий бие даасан, хараат бусаар ажиллах орон тооны бус Мэргэжлийн зөвлөл /цаашид “Мэргэжлийн зөвлөл” гэх/ ажиллана.

9.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталж, бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлнө.

9.3.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох салбарын эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.

9.4.Мэргэжлийн зөвлөл дараах чиг үүрэгтэй:

9.4.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах;

9.4.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх биосоёлын тэмдэглэл, энэ хуулийн 8.3-т заасан төрийн захиргааны төв байгууллагаас батлах салбарын ёс зүйн дүрмийн төсөлтэй танилцаж, зөвлөмж гаргах;

9.4.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиг олох зорилгоор ашиглах, биохайгуул хийх, судлах хүсэлтийг хянаж дүгнэлт гаргах;

9.4.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн судалгааны ажлын үр дүнтэй танилцаж, дүгнэлт гаргах;

9.4.5.энэ хуулийн 16.1-д заасан үр шимийн гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэлт гаргах;

9.4.6.генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг тогтоох талаар дүгнэлт гаргах.

9.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүд чиг үүргийн хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 9.4.3, 9.4.4, 9.4.5, 9.4.6-д заасан судалгааны үр дүн, баримт бичигтэй танилцахын өмнө ашиг сонирхлын мэдүүлгийг бөглөнө.



ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ БҮРТГЭХ, ХАДГАЛЖ ХАМГААЛАХ

10 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан

10.1.Төрийн захиргааны төв байгууллага нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/-тай байна.

10.2.Мэдээллийн сан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээллийн сангийн бүрдэл хэсэг байна.

10.3.Мэдээллийн сан нь дараах дэд сангуудаас бүрдэнэ:

10.3.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан;

10.3.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл;

10.3.3.генийн сангийн тоон өгөгдлийн сан;

10.3.4.холбогдох бусад мэдээлэл.

10.4.Энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэл нь олон улсын мэдээлэл солилцооны төвтэй холбогдоно.

10.5.Энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалах журам болон мэдээллийн сангийн бүрдэл үзүүлэлтийн жагсаалт, бүртгэлийн маягтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.6.Иргэн, хуулийн этгээд өөрт хадгалагдаж байгаа генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх ном, судар, эрдэм шинжилгээний бүтээл, гар бичмэл, аман мэдээлэл, эдгээртэй адилтгах бусад мэдээллийн цахим хуулбарыг мэдээллийн санд бүртгүүлж, хадгалуулахаар хүргүүлж болно.

10.7.Энэ хуулийн 10.6-д заасан этгээд генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоогдсон бол үр шим хүртэх эрх үүснэ.

10.8.Энэ хуулийн 10.6-д заасан бүртгэлийг баталгаажуулсан тодорхойлолтыг төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны алба цахим, эсхүл цаасан хэлбэрээр олгоно.

11 дүгээр зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалах, хамгаалах

11.1.Генетик нөөц агуулсан ургамал, амьтан, бичил биетнийг уугуул амьдрах орчныг хадгалж тэтгэх, гаршуулж тэжээх, сэлгэх, сэргээн нутагшуулах, тарималжуулах, генийн сан, ургамал, амьтны хүрээлэн байгуулах замаар хамгаална.

11.2.Төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн байгаль орчны албатай хамтран генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эрэл хайгуул, судалгааг зохион байгуулж мэдээллийн санд бүртгэж хамгаална.

11.3.Нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бол тарималжуулна.

11.4.Төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгт хамаарах энэ хуулийн 10.6-д заасан мэдээллийн нууцлалыг хадгална.

12 дугаар зүйл.Генийн сан

12.1.Генийн санд хамрагдах генетик материалын биет сан хөмрөг, түүний тоон өгөгдлийн санг тухайн чиглэлийн суурь судалгаа хийх үүрэг бүхий байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага төрөлжүүлсэн байдлаар эрхэлж болно.

12.2.Генийн сан эрхлэх байгууллага өөрийн генийн сан дахь генетик материалын мэдээллийг энэ хуулийн 10.3.3-т заасан тоон өгөгдлийн санд хүргүүлнэ.

12.3.Генийн сан байгуулах, сан хөмрөгийг баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, түгээх, солилцох журам, генийн сангийн дүрмийг байгаль орчны болон боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

12.4.Генийн сангийн хадгалалтын стандартыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулна.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ АШИГЛАХ

13 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах этгээд

13.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тусгай зөвшөөрлийг дараах этгээд /цаашид “хүсэлт гаргагч” гэх/-д олгоно:

13.1.1.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;

13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулалттай бол дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 51-ээс доошгүй хувь байх;

13.1.3.дотоодын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй гадаадын хуулийн этгээд.

14 дүгээр зүйл.Урьдчилсан зөвшөөрөл

14.1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тохиолдолд хүсэлт гаргагч нь тухайн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээс урьдчилсан зөвшөөрөл авна.

14.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг энэ хуулийн 6.3-т зааснаар төр эзэмшиж байгаа бол урьдчилсан зөвшөөрөл авахыг шаардахгүй.

14.3.Энэ хуулийн 14.2-т зааснаар урьдчилсан зөвшөөрөл аваагүй нь энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

14.4.Урьдчилсан зөвшөөрөл авахын өмнө хүсэлт гаргагч нь орон нутгийн иргэдийн биосоёлын тэмдэглэлтэй танилцаж, генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулна.

14.5.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журам, биосоёлын тэмдэглэл боловсруулах аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.6.Хүсэлт гаргагч нь биосоёлын тэмдэглэлтэй танилцан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээс урьдчилсан зөвшөөрөл авснаар тухайн эзэмшигчтэй энэ хуулийн 16.1-д заасан үр шимийн гэрээ байгуулах эрх үүснэ.

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох

15.1.Энэ хуулийн 13.1-д заасан этгээд генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон ашиг олох зорилгоор ашиглах хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

15.1.1.энэ хуулийн 16.1.2-т заасан мэдээлэл болон генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн танилцуулга;

15.1.2.хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;

15.1.3.хуулийн этгээдийн танилцуулга;

15.1.4.гадаадын хуулийн этгээд бол дотоодын хуулийн этгээдтэй хийсэн хамтран ажиллах гэрээ;

15.1.5.энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлсэн баримт;

15.1.6.энэ хуулийн 14.1-д заасан урьдчилсан зөвшөөрөл;

15.1.7.энэ хуулийн 8.1.2-т заасан газарзүйн гарал үүслийн тодорхойлолт;

15.1.8.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалах, хамгаалах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээний танилцуулга.

15.2.Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн тухай Монгол Улсын олон улсын гэрээнд заасан ургамлыг хүнс, тэжээлийн зорилгоор ашиглах тохиолдолд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.

15.3.Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3-т заасан суурь судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийхэд энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл шаардахгүй.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан судалгааны ажил эхлэхээс өмнө холбогдох мэдээллийг энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх бөгөөд судалгааны ажлын үр дүнг хагас жил тутамд шинэчлэн энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн санд тайлагнах үүрэгтэй.

15.5.Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчид тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажлын 21 өдрийн дотор шийдвэрлэнэ.

15.6.Ургамал, амьтны биологийн нөөц бэлтгэх зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Байгалийн ургамлын тухай, Ойн тухай, Амьтны тухай хуулиар тус тус зохицуулна.

15.7.Төрийн захиргааны төв байгууллага дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

15.7.1.Мэргэжлийн зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үр шимийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэлт гаргасан;

15.7.2.энэ хуулийн 15.1.4-т заасан хамтран ажиллах гэрээг цуцалсан, эсхүл дуусгавар болгосон;

15.7.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

15.7.4.хуулийн этгээд татан буугдсан;

15.7.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч генетик нөөцийг ашиглахаар заасан хувь, хэмжээг хэтрүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

15.8.Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг ашиг олох зорилгоор ашиглах тохиолдолд дахин хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөл авна.

15.9.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон ашиг олох зорилгоор ашиглаж байгаа хуулийн этгээд энэ хуулийн 13.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 180 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

15.10.Энэ хуулийн 15.9-д заасан хугацаанд төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ гаргаагүй бол тусгай зөвшөөрөлгүйгээр генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласан гэж үзнэ.

15.11.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

15.12.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийцлийн гэрчилгээний үндэслэл болох бөгөөд тухайн генетик нөөцийн ашиглалт хуулийн дагуу хэрэгжиж байгааг хянах хэрэгсэл болно.

16 дугаар зүйл.Үр шимийн гэрээ

16.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эзэмшигчтэй үр шимийн гэрээ байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгана:

16.1.1.гэрээний зорилго, хугацаа;

16.1.2.генетик нөөцийг ашиглах зорилго, зориулалт, ургамал, амьтан, бичил биетний шинжлэх ухааны нэр, эсхүл бичил биетний эх үүсвэр, омгийн нэр, өсгөврийн сангийн дугаар, судалгааны үр дүнд бий болох оюуны өмчийн эрхийн талаарх нөхцөл;

16.1.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах зорилго, зориулалт, судалгааны үр дүнд бий болох оюуны өмчийн эрхийн талаарх нөхцөл;

16.1.4.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах нөхцөл;

16.1.5.генетик нөөцийн материал дамжуулах гэрээ;

16.1.6.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалах, хамгаалах нөхцөл, төлөвлөгөө;

16.1.7.маргаан шийдвэрлэх зохицуулалт;

16.1.8.ашиглалтаас үүдэх үр шимийг генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчид хүртээх нөхцөл.

16.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үр шимийн гэрээний хуулбар хувийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

17 дугаар зүйл.Генетик нөөцийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл

17.1.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд энэ хуулийн 17.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

17.2.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.3.Бичил биетнийг зөвхөн өсгөвөр хэлбэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.

17.4.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ генетик нөөцийн биет, эсхүл сорьцын ижил хувийг төрөл, зүйлийн түвшинд тодорхойлуулж, генийн санд хадгалуулсан байна.

18 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шим

18.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуулийн 88.1, 88.2, 88.3-т заасны дагуу генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг эзэмшигчид хүртээнэ.

18.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шим нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байна.

18.3.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх мөнгөн үр шим нь судалгаа, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний борлуулалтын орлого, тусгай зөвшөөрлийн хураамж, оюуны өмчийн эрхийн хамтын эзэмшил болон бусад хэлбэртэй байж болно.

18.4.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх мөнгөн бус үр шим нь дараах дэмжлэг хэлбэртэй байж болно:

18.4.1.хамтарсан судалгаа хөгжүүлэлт хийх;

18.4.2.чадавх бэхжүүлэх;

18.4.3.технологи дамжуулах, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх;

18.4.4.оюуны өмчийн эрхийн хамтын эзэмшил;

18.4.5.холбогдох олон улсын гэрээнд заасан бусад хэлбэр.

18.5.Энэ хуулийн 16.1-д заасан гэрээ байгуулагч талууд хоорондоо харилцан тохиролцож генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хүртэх тухай асуудлыг гэрээнд тусгана.

19 дүгээр зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөр

19.1.Амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулна.

19.2.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр, 17.3-т заасан бичил биетнийг улсын хилээр нэвтрүүлэхэд өсгөврийн тоогоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан төлбөр төлнө.

19.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр төлнө.

19.4.Энэ хуулийн 19.3-т заасан төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журмыг хуулиар тогтооно.



ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл.Мэдээ, тайлан гаргах

20.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

20.1.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглаж байгаа тухай ажлын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор;

20.1.2.мэдээллийн санд орох мэдээллийг тухай бүрд.

21 дүгээр зүйл.Генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих гаалийн хяналт

21.1.Гаалийн улсын байцаагч генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэхэд дараах хяналт тавина:

21.1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх генетик нөөцийг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн санд бүртгүүлсэн эсэхийг хянаж, тухайн генетик нөөцийн улсын хилээр нэвтэрсэн огноо, холбогдох мэдээллийг мэдээллийн санд оруулах;

21.1.2.генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журамд заасан шаардлагыг хангасан эсэх.

22 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

22.1.Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

23.1.Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР